Үндэсний минь хувцас – 2011
Эх нутгаа бууриараа тамгалсан гэрт үндэстэн
Эмээл дээр төрж тохом дээр нойрсдог морьтон
Эртний бичиг соёлоос нь гэрэл цацардаг нартан
Элбэг баян үндэснийхээ хувцсаар дэгжирхэн гоёсон
Монгол үндэстэн минь ээ
Цагаагчин туулай жилийн сар шинийн өдрүүдэд Оюунлаг сургуулийн маань багш сурагчид:
Есөн товчтой дээлийн эвхээсийг гарган өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүсэлсэн
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаа гоёод
Цагаагчин туулай жилээ найр тавин угтан золгож байна.
Буян номын гэгээ тооноор тань цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр тань бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлэв үү.
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Монгол үндэснийхээ хувцсыг өмсөж бахархан дэгжирхэхийн хос баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгохын гурвалсан баяр
Учран золгох хүн бүртэй сэтгэлийн сайхныг хэлэлцэхийн дөрвөн баяр аа.