Оюунлаг дунд сургууль
Математик, гадаад хэл, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай Оюунлаг бүрэн дунд сургуулийн Шинэ хичээлийн байрны нээлт 2014 оны 11 сарын 10-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Шинэ хичээлийн байрны нээлтийн үйл ажиллагаанд БШУЯ–ны төлөөлөл болон Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар нар хүрэлцэн ирж оролцсон болно. Нээлтийн үйл ажиллагаа нь шинэ хичээлийн байрны жаврыг үргээсэн морин хуурын аялгуугаар эхэлж, монгол ардын уртын дуугаар үргэлжилсэн юм. Оюунлаг бүрэн дунд сургуулийн захирал Д.Батсайхан нээлтэнд хүрэлцэн ирсэн ирсэн эцэг эх, сурагчид болон багш ажилчдад хандан нээлтийн үг хэлж, гүйцэтгэх захирал Б.Уянзориг болон хүндэт зочдын хамт нээлтийн тууз хайчлав. Оюунлаг сургуулийн авъяаслаг багш нар болох Идэржавхлан, Энхтайван нар анд нөхдийн дууг хамтран дуулсны дараа шинэ сургуулийн анхны хонхыг цохисноор сурагчид суралцах тав тухтай орчныг бүрдүүлсэн сургуульдаа хөл тавьсан юм. Сурагчид анги ангидаа ангийнхаа багшийг даган орж эхний хичээлдээ сууснаар сургуульд эрдэм номын чимээ тархаж, эцэг эхчүүд сургуулийн дотоод орчинтой танилцав. Эрдэм боловсролын их уурхай болсон оюуны их өргөө оюунлаг сургуулиас олон олон манлайлагчид төрөн гарах болтугай.