Scroll Top
%d1%8d%d0%b5%d0%bb%d0%b4%d1%8d%d0%b3-%d0%b7%d3%a9%d0%b2-%d1%85%d0%b0%d1%80%d0%b8%d0%bb%d1%86%d0%b0%d0%b0-%d0%b0%d1%8f%d0%bd-4
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Эелдэг зөв харилцаа аян

Эелдэг зөв харилцаа аян

 Бидний амьдрал бүхэлдээ харилцаан дээр тогтдог. Харилцааны хэв маягийг бид гэр бүлийн орчиноосоо гадна, сургууль, хэвлэл мэдээллээс авдаг. Хэрвээ харилцаа чинь сайн сайхан байгаасай гэж хүсвэл чи өөрөө сайн харилцагч байх хэрэгтэй. Энэ нь өөрийгөө зөв, тодорхой илэрхийлж чаддаг байна гэсэн үг. Тухайн үүссэн нөхцөл байдалд тохирсон оновчтой үг хэллэг хэрэглэн санаагаа зөв ойлгуулах чадварыг харилцааны эв дүй гэдэг. Зөв харилцахад цагийг нь олох гэдэг бас чухал байдаг. Харилцаж байгаа хүн чинь өөр зүйлд сатаараагүй, анхаарлаа өөрт чинь хандуулсан байх нь чухал. Түүнчлэн чи уурлаж үзэн ядах зэргээр сөрөг сэтгэл хөдлөлд автаагүй байх нь чухал шүү.

 Харилцааны эрүүл уур амьсгал бий болгохын тулд эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч та бүхэнд  дараах бяцхан зөвөлгөөг хүргүүлж байна.

Эхний алхам – Та хүүхэдтэйгээ илэн далангүй байх.
Сайн харилцааны түлхүүр нь хайртай хүнтэйгээ аминчхан, дотно харилцаа үүсгэх явдал юм. Энэ нь бусдад яриагүй зүйлсээ хуваалцдаг байна гэсэн үг. Сургууль дээр болсон явдал, эсвэл бага насны адал явдлын талаар ярих нь дотносог сэтгэгдэл төрүүлдэг.

Хоёр дахь алхам –Хүүхдэдээ өөрийгөө бусдад илэрхийлэх боломж олгох

Хайртай хүмүүсийн харилцаанд ч бэрхшээл тулгардаг, алдаа ч гардаг. Өөрөөр хэлбэл маргаантай асуудалтай тулгарч болно гэсэн үг. Үүнийг зохицуулахад ихээхэн эв дүй шаардагдана. Хамгийн чухал нь нэгэнт бий болсон байдлыг шүүмжлэн хурцатгахын оронд, тухайн байдал өөрт чинь таалагдагдахгүй байна гэдгийг энгийнээр илэрхийлэх нь зөв. Ингэхдээ би гэдэг байр сууринаас ярих буюу зөвхөн өөрт чинь ямар сэтгэгдэл төрж байгааг л илэрхийлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шүүмжлэхийн оронд болсон явдлыг сэтгэл хөдлөлд авталгүйгээр хэлэх ёстой. 

  Гурав дахь алхам – Та хүүхдээ сонсож чаддаг байх.

Харилцаа гэдэг бол хоёр урсгалтай зам л гэсэн үг. Тэгэхлээр нэг нь санаагаа илэрхийлж байхад нөгөө нь уг санааг хүлээн авч чаддаг байх нь чухал. Сайн харилцагч байхын тулд сайн сонсогч байх хэрэгтэй. Ярилцаж байгаа хүнээ жинхэнэсээ сонсоно гэдэг, нөгөө хүнийхээ ярьж байгаа зүйлсийг үнэн сэтгэлээсээ сонирхон, бүрэн дүүрэн ойлгохыг хичээнэ гэсэн үг. Заримдаа хүмүүс нөгөө хүний хэлж буй зүйлийг гүйцэд сонсохоосоо өмнө юу хэлэхээ бэлтгэж байдаг тул сайн сонсож чаддаггүй. Энэ нь зөв харилцаа огт биш бөгөөд сайтар ойлголгүйгээр өгсөн хариулт оносон байх нь ховор. 

Дөрөв дэх алхам -Бодлоготой хариулт өгөх.

Харилцаж буй хүнээ сайн сонсож, харж улмаар ойлгосныхоо дараа хүмүүс хариултаа өгдөг. Гэвч хариулт өгөхдөө бодох зүйл их бий. Тухайн хүний илэрхийлсэн санааг зөв ойлгосон эсэхээ лавлах нь чухал. Ингэхдээ тухайн хүний хэлсэн үгийг өөрийн ойлгосон байдлаар давтан зөв эсэхийг лавлаж болно. Ингэж лавлах нь яриаг буруу ойлгосоноо засах боломж олгодог. Харилцааны хамгийн бүдүүлэг алдаа нь тухайн хүний хэлж буй бодол санааг бүрэн ойлголгүй, уурлаж уцаарлах явдал юм. Харилцан ойлголцол нь харилцаанд хамгийн чухал юм. Зөв харилцааны бас нэг арга нь ярьж буй хүнийхээ санааг сайшаах явдал юм. Чиний тэгэж хэлж байгаа нь зөв гэж хэлэх нь заавал та хоёрын санаа адил байгааг илэрхийлэх албагүй ч нөгөө хүнийхээ санааг сайшааж байгааг илэрхийлнэ.

                                Уриалга, санамж:                                                             

                                           Оюунлаг мэдлэг боловсрол бидний хүч

Оюунлаг харилцаа, ёс зүй бидний дадал                     

Оюунлаг бүтээлч байдал бидний хандлага

Энэ аянуудаар найрсаг, эвсэг, тусархаг, харилцааны зөв хэвшилтэй хамт олон бүрэлдэж байна. Сурагчдын агуулга эзэмшилт, мэдлэг чавдар дадлын төвшин ахисаар байгаа нь багш сурагчдын маань уйгагүй хичээл зүтгэлийн үр шимийн эхлэл билээ.

Энэхүү аяны хүрээн дэх шагналын мөн чанарыг илүү тодотговол:

Эелдэг зөв харилцааг эрхэмлэгч сурагч та бүхэн инээмсэглэл хэмээх үнэгүй хирнээ гайхамшигт сайхан бэлгийг бусдад чин сэтгэлээсээ бэлэглэснээрээ энэхүү тэмдгийн эзэн болсон билээ. Энэ тэмдгийн утга учир нь эелдэг найрсаг харилцааг бий болгож, хүний зүрх сэтгэлийг баясган өвчин зовлонгоос нь илааршуулах эм лугаа хүчтэй тийм л зүрх сэтгэлийн асар их баяслыг бусдад бэлэглэсний шагнал юм.

Бид хэн нэгнийг намайг хүндлэхийг хүлээх биш харин хүн бүрийг хүндэлж байгаа өөрийн зүрх сэтгэлийг таниулах нь хамгийн чухал юм. Эелдэг найрсаг хэл яриа нь хүмүүний зүрх сэтгэлийн соронз юм. Энэ нь оюун ухааныг тэжээх үг үсгийг утга учиртай болгодог.

Инээмсэглэл, эелдэг харилцаа гэдэг хүний зүрх сэтгэлийн гүн дэх гуниг гутарлын үүлийг хөөдөг маш сайхан салхийг чин зүрх сэтгэлээсээ үлээлгэсэнд Инээмсэглэл хэмээх тэмдгийн үнэ цэнэ оршино. Инээмсэглэл тэмдгийн эзэн та уг сайхан шагналын үнэ цэнийг мэдрэн бусдын дунд энэхүү сайхан үйлийг дэлгэрүүлэн найз нөхөд болон багш, ажилчин ах эгч нартайгаа чин сэтгэлээсээ мэндлэн, тэдний хөдөлмөрийг үнэлэн, өөрийн бусдаас авахыг хүсч байгаа тэрхүү сайхан зүйлээ бусдад хийгээрэй. Харин бусад хүн буцаад чамд яг тэгэж хандах болно.

Амжилт хүсье…

Сэтгэгдэл үлдээх