Scroll Top

Оюунлаг сургууль нь Нийслэлийн засаг даргын 2000 оны 5 сарын 26-ы өдрийн 2000/414 тоот захирамжаар математик, гадаад хэлний сургалттай ГЭГЭЭРЭЛ нэртэйгээр анх байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлж байв.
Байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл дүүрэг, нийслэл, улсын олимпиад, уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль”, “Дүүргийн тэргүүний сургууль”, “Нийслэлийн тэргүүний сургууль” зэрэг олон шагналаар сургалт хүмүүжлийн ажлаа үнэлүүлсээр байна. Жил бүрийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үнэлгээгээр улсын хэмжээнд эхний тавд эрэмблэгддэг ба 2019 онд 3-р байр, 2018 онд 3-р байр, 2017 онд 2-р байрт эрэмблэгдлээ.
2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн суралцагчдыг 100 хувь хамруулсан боловсролын чанарын үнэлгээний шалгалтаар улсын хэмжээнд тэргүүн байрыг эзлэв.

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сүүлийн үеийн ололтыг сургалтад нэвтрүүлэх зорилгоор “Oyunlag 1.0” системийг 2009 онд бүтээж анхдагч болж тухайн жилдээ “Шилдэг сургуулийн систем, вэб сайт” шагналыг хүртэж байв. Өдгөө Монголын анхны бие даасан сургуулийн “Oyunlag school”, “Oyunlag Student”, “Oyunlag Teacher” аппликэйшнуудыг хөгжүүлэн цахим болон танхимын сургалтыг хослуулсан цогц сургуулийн систем болгон хичээл сургалтандаа ашигласаар байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Сингапур улсын бага дунд сургуулийн сургалтын стандарт хөтөлбөрийг нутагшуулан нэвтрүүлж өөрийн сургуулийн бренд сургалтын технологийг бий болгох зорилгоор 2015 оноос “Singapore Education Innovation” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Манай сургууль сурагчдаа шинжлэх ухааны мэдлэгтэй, бие даасан зөв хүн болж төлөвшүүлэхэд анхаарч, сургалт хүмүүжлийн бүтээлч ажлуудыг санаачлан хэрэгжүүлдэг билээ. Тэдгээрийн нэг нь олон улсын Second Step хөтөлбөр бөгөөд Америкийн нэгдсэн улсын Вашингтоны Сиэтл хот дахь төв байрнаасаа эхлэн дэлхийн өнцөг булан бүрт байрлах судлаачид, бодлого боловсруулагчид, сэтгэлгээний удирдагчидтай хамтран хүүхдүүдийн хөгжил цэцэглэлтийн талаархи алсын харааг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажилладаг хөтөлбөр юм.

CISCO Networking Academy -ын албан ёсны эрхийг 2017 онд авч CISCO сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар мэдээллийн технологид сонирхолтой сурагчид маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөтөлбөрийн дагуу суралцаж байна.

Оюунлаг сургууль нь олон улсын боловсрол судалгааны хүрээлэнгүүд, дэлхийн багш нарын холбоодын гаргасан зөвлөмж, нэмэлт судалгааны хүрээнд “Smart school innovation” төслийг боловсруулан 2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхлэв. Төслийн хүрээнд сургуулийн сургалтын орчинг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулж сургуулийн дотоод сервер мөн VR-ийн лаборатори, STEAM, 3D принтерийн лаборатори, мэдээллийн технологийн хосолсон системийнMacintosh үйлдлийн системтэй 2 лаборатори, Windows үйлдлийн системтэй 1 лаборатори зэрэг нийт 10 лабораторийг байгуулав.
Боловсролын байгууллагад оруулсан шинэчлэлүүдийг үнэлж 2019 онд Bloomberg телевиз “Made in Mongolia” нэвтрүүлэгтээ Оюунлаг сургуулийг онцолж олон нийтэд танилцуулав.
2020 оноос “Сурагч бүрт таблет” төслийг хэрэгжүүлж хичээл бүрийн онолын мэдлэг, туршилтыг сурагчид таблет дээр суусан программуудын тусламжтайгаар виртуал орчинд бодитоор үзэх, туршилт хийж дүгнэх боломжоор бүрэн хангагдсан юм.
Covid-19 цар тахлын хүнд үед Оюунлаг сургууль нь цахим сургалтыг нэг ч цагийн хоцрогдолгүйгээр амжилттай явуулаад зогсохгүй 2020 онд Бэлтгэл ангийн онлайн сургалтыг Монголдоо анх удаа зохион явуулсан билээ.

Өдгөө Оюунлаг сургууль маань 1350 сурагчтай, 150 гаруй багш ажилчидтай, орчин үеийн сургалтад нийцсэн танхим, цахим сургалтын хэрэглэгдэхүүнтэй томоохон сургуулиудын нэг болж өнөөгийн боловсролд өөрийн гэсэн тод мөрийг үлдээсээр ирээдүйн өөд итгэл төгс тэмүүлсээр байна.