Цаг үе, мэдээ мэдээлэл

10 October

БАГШ НАРТАА ХҮРГЭХ СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ

Нийтлэсэн 

БАГШ НАРТАА ХҮРГЭХ СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ

ДЭЛХИЙН “БАГШ НАРЫН БАЯРЫН ӨДӨР”-ИЙН ГАЛ ХАЛУУН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

        Оюунлаг сургуулийн сурагчид маань “Монголын багш нарын баярын өдөр”-ийг тохиолдуулан багш нартаа чин сэтгэлийн үгээ талархлын захидлаар дамжуулан илэрхийлсэн билээ. Сурагчдынхаа ирүүлсэн захидлаас мэндчилгээ болгон нийт багш нартаа уламжилъя.

 

        3а ангийн сурагч А. Энгүүн

        Сайн байна уу? Хайрт багшаа. Надад эрдэм номноосоо харамгүй заадагт тань талархаж байна. Та намайг байнга магтаж сайшааж урам зориг оруулдаг. Та бидний хааяа зэмлэдэг ч, байнга бидний төлөө байдгийг би мэднэ. Багш таньдаа багш нарын баярын мэнд хүргье. Хайртай шүү!

        4б ангийн сурагч Азжаргал

        Багшдаа зориулав.

        Сайн байна уу? Багшаа. Та минь А-Я хүртэл үсэг заасан багш таньдаа баярлалаа. Би таныгаа өмнө уурлуулж байсанд уучлаарай. Та минь урт удаан жаргаарай. Бид таньдаа хайртай шүү. Бидэнд зөв сайн зүйлийг их зааж өгсөнд баярлалаа. Та минь буруу зүйлийг минь болиулж, харин зөв зүйлийг зааж байдаг шүү. Бидэнд илүү их зүйл зааж өгөөрэй. Таньд эрдэм ном зааж өгсний хариуд том болоод эрдэмтэн болж таныгаа баярлуулна аа. Таньдаа багш нарын баярын мэнд хүргье.

 

 

        7а ангийн сурагч Б. Мөнгөнсор

        Сайн байна уу? Эрхэм хүндэт Д. Батсайхан багш танаа энэ өдриийн мэндийг хүргье. Оюунлаг сургуулийн сурагч би танд ямар их талархаж явдгаа хэлэхэд таатай байна. Та энэ олон сурагчдад эрдэм боловсрол олгох хосгүй их үйл хийсэн билээ. Та энэ сайхан сургуулийг байгуулж маш олон хүүхдэд эрдэм мэдлэг, авьяас чадвар олгох үүд хаалгыг нээж өгсөн. Таны байгуулсан энэ сайхан сургууль өдийд улсдаа дээгүүрт орно. Та ийм л сайхан үйлсийг хийсэн ачтан. Монголын ирээдүй болсон хүүхэд залуучууд бидний оюуны мэлмийг нээж өгч буй таньд сайн сайхныг хүсч, багш нарын баярын мэнд хүргье.

 

 

        8в ангийн сурагч М. Мөнгөлжин

        Талархал

Хэлэх үгээ ч хэлдэг
Хэлсэн зүйлээ ч биелүүлдэг
Хэнтэй ч ярьж хөөрдөг
Хөдөлмөрч зүтгэлтэй захирал аа (Батсайхан захиралдаа)
        Сургалтын чанарт онцгойлон анхаардаг
        Сэтгэлийн таатай орчинг бүрдүүлсэн
        Ээжийн ёсоор халамжилж сургасан
        Эрдмийн хөтөч ачит багш аа (Цэцэгээ багшдаа)
Морьтон ардын босоо бичгийг
Машид хичээнгүйлэн зааж сургасан
Мөнх тэнгэрт ивээгдсэн заяатай
Миний хайртай ангийн багш аа (Батцэцэг багшдаа)
        Нартад биднийгээ л гэдэг
        Найрсаг багш нартаа талархаж явдгаа илэрхийлэн
        “Дэлхийн багш нар баяр”-ын мэнд хүргье.

 

 

        11а ангийн сурагч Т. Халиун

        Хүн бүрийн сэтгэл зүрхэнд тодоос тод дурсамж үлдээсэн газруудын нэг бол тэдний цайлган сэтгэлээр нэгнээ гэдэг байсан арван хоёр жилийг өнгөрөөсөн сургууль нь яах аргагүй мөн байдаг билээ.

        Миний бие одоогоор Оюунлаг бүрэн дунд сургуулийн 11а ангид суралцдаг. Эргээд харахад энэ сургуульдаа хүүхэд насныхаа хамгийн гайхалтай нандин дурсамжуудыг бүтээжээ. Өглөө үүдээр нь ороход л цаанаасаа дулаахан дотно, “өглөөний мэнд” хэмээн дуугарах жижүүр багшийн уриалгахан дуу, цүнхээ дийлж байгаа юм болов уу гэж бодмоор нэгдүгээр ангийн сурагчид, хичээлдээ хоцорчихвий гэж яаран сандран гүйлдэх дунд ангийнхан гээд хэн рүү ч харсан таньдаг царай, дулаахан инээмсэглэл, сайн уу гэсэн мэндийн зөрөө, угаасан шаланд дээр нь явах гэтэл хальтирваа болгоомжтой яваарай гээд инээмсэглэдэг цэвэрлэгч эгч, орой тараад гарахаар болгоомжтой хариарай гээд санаа тавьдаг жижүүр багш сэтгэлд нэг л дотно. Арван жилийг энэ сургуультайгаа л хамт өнгөрөөсөн учраас өнцөг булан бүрт нь нүдний өмнө дурсамжууд харагддаг юм. Мэдэхгүй зүйл гарсан ч тусалж дэмжих найз нөхөд, асууж лавлах багш нар маань байдаг болохоор итгэл дүүрэн явж чаддаг юм шүү.

        Ийм сайхан орчинг бүрдүүлж найрсаг хамт олонтой болгож өгсөн Оюунлаг бүрэн дунд сургуулийн захиргаа болон Д. Батсайхан захиралдаа чин сэтгэлийн угаас баярласан талархсанаа илэрхийлье.

 

 

        12б ангийн сурагч Ө. Уянга

        Эрхэм хүндэт захирал танаа

        Оюунлаг сургуульд бэлтгэл ангид суралцаж эхэлсэн цагаасаа хойш таниас маш олон зүйлийн сурч мэджээ. Долоохон настай жаахан охин анх “Гэгээрэл” гэх сургуульд орж байхдаа юу бодож байснаа ч санахгүй нь. Нэг мэдэхэд л төгсөх ангийн сурагч болсноо өөрөө ч итгэхгүй л явна. Удахгүй төгсөөд сургуулиа орхиод явна гэхээр сэтгэлд нэг л буухгүй юм. Дассан сэтгэл бүхнээс хүчтэй байдаг гэж нээрээ л үнэн мэт санагдаж байна даа.

        Ингээд бодоход энэ сургуультай бүтээлцсэн дурсамжууд минь хамгийн үнэтэй юм шиг. Мэдээж тэр гайхалтай дурсамжуудыг минь бий болох үндсийг тавьсан хүн нь та юм шүү дээ. Бага ангидаа өөрөөр тань хичээл заалгаж байсан нь олдож болошгүй боломж, нэр төрийн хэрэг байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Багаас минь л мэддэг болоод тэр үү, үргэлж сайн хандан, тоглоом шоглоом хийдэг нь сэтгэлд ойр тусдаг. Захирал хүн гэхээрээ л дарга байх ёстой гэсэн өрөөсгөл ойлголтыг няцааж, бүх зүйлийг сэтгэлээ шингээн хийдэг таны хөдөлмөрч, бүтээлч зангийн ачаар л “Оюунлаг” гэх сургууль өдий зэрэгтээ мандан яваа. Та бол зөвхөн миний биш, манай гэр бүлийн хүндэлж, бахархаж явдаг хүн бөгөөд үүрд танд талархан явах болно. Өдий олон жил талархсан сэтгэлээ захианд буулган бичих нь өөрийн тань хийсэн бүхний хажууд өчүүхэн зүйл болохыг би мэднэ. Гэсэн хэдий ч өөрийн сэтгэлийн үгээ ингээд ч болов танд хүргэхийг хүслээ.

Уншсан: 1059

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 3.94.129.211
2019-09-10-ний өдрөөс хойш.
  • 3 Онлайн
  • 64 Өнөөдөр
  • 543 Өчигдөр
  • 607 Долоо хоногт
  • 4087 Сүүлийн сард
  • 578344 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn