Гепатит өвчний үед арьс, салст шарладаг тул хүмүүс уг өвчнийг “шарлах өвчин” гэж нэрлэдэг. Шарлалтын өмнөх үе буюу урьдал үе буюу мөн л янз бүрийн хугацаагаар илрэх бөгөөд дунджаар 1-2 хоногоос 14-21 хоног хүртэл үргэлжилж болно. Үүнд:
-Ходоод гэдэс хямрах хам шинж: хоол унданд дургүйцэх, бөөлжих, суулгах, аюулхай орчим өвдөх, ам гашуу оргих
-Халуурах, хамраас нус гоожих, үе үе ханиах
-Ядарч сульдах, унтамхайрах, ноомой болох, ихээр ядрах, бага насны хүүхэд түрүүлгээ харж хэвтэх
-Үе булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хамгийн тод шинж тэмдэг нь шээсний өнгө өтгөрөх, өтгөн хатах юм. Мөн арьс, нүдний салст бүрхүүлд шарлалт илрэхэд шарлалтын үе эхэллээ хэмээн тооцож үздэг. Шарлалт илрэхээс 2-4 хоногийн өмнө шээсний өнгө өтгөрч хар цай шиг бараан, өтгөний өнгө цайвар сааралдуу болж шингэрдэг байна. Шарлалтын үе дунджаар 2-3 долоо хоног үргэлжлэх бөгөөд зарим үед 7 хоног хүртэл богиносч, эсвэл 4-6 долоо хоног түүнээс дээш хугацаагаар уртасч болно. Цочмог вируст гепатит А-ийн үед шарлалт богино хугацааны дотор илрээд буурах ба илэрсэн үеэс хоол унданд дургүйцэх, бөөлжих. ядарч сульдах зэрэг хордлогын шинжүүд бүдгэрч эхэлнэ. Эдгэрэлтийн үе 1-2 сараас 6 cap хүртэл, зарим тохиолдолд түүнээс ч урт хугацаагаар үргэлжлэх нь бий. Энэ үед эмнэл зүйн шинжүүд аажмаар бүдгэрч, элэгний хэмжээ хэвийн, эсвэл бага зэрэг том хэвээр байж болно.
Хэрхэн оношлох вэ?
Дээрх шинжүүд илэрмэгц эмчид яаралтай хандах хэрэгтэй. Эмч өвчтөний элэг, дэлүүг тэмтэрч үзээд шинжилгээ бичиж өгнө. Элэг гэмтсэн үед цусан дахь библирубины хэмжээ ихээр нэмэгддэг тул цусны шинжилгээг яаралтай хийх нь чухал. Мөн шээсийг шинжлэхээс гадна ээдрээтэй элэгний архаг өвчний үед маркер, биопсын шинжилгээ хийнэ.
Ямар аюултай вэ?
В, С ба Д гепатит нь элэгний комод оруулах архагшвал элэгний рак, цирроз үүсгэх аюултай өвчин юм. Комын үед элэгний эдийн хорт бүтээгдэхүүнүүд цусанд орсноор мэдрэлийн системийг хордуулах, бие организмын амьдралын бүх үйл ажиллагааг дарангуйлдаг.
Яаж урьдчилан сэргийлэх вэ?
Шар өвчин хүйтэнд хүчээ авдаг. Шараар өвчилбөл эхний үед ямар нэг зовиур илрэхгүй. Вирус биед нь орсон ч эрүүл хүн шиг явсаар өвчнөө бусдад дамжуулдаг. Нууц үе нь 10-45 хоног үргэлжилдэг. Ийм үед халдвар авах магадлал бусдаас их. Хаа сайгүй тэнүүчлэх шарын вирусээс гараа сайтар угааж сэргийлнэ. Жимс ногоог угааж хэрэглэ. Бохир зүү тариураас болгоомжил. Бохир орчинд зүү шивээс хийлгэхээс татгалз.
Цочмог гепатитийн хэлбэрийн үед эмчилгээний дараах зарчмыг баримталбал зохино.
Удаан хугацаагаар уураг, өөх тосыг хориглож болохгүй. Харин шингэц удаантай үхэр, хонь, гахайны өөхийг хориглоно. Дийлэнх тохиолдолд ургамлын болон сүүний гаралтай уураг хэрэглэх нь чухал. Өвчний цочмог үеийн турш хайрсан, шарсан хоол, амтлагчийг хэрэглэхгүй. Тэдгээрийн оронд өргөст хэмх, ногоон сонгино, загасны түрс хэрэглэж болно. Мөн гепатитийн эсрэг вакциний ХӨСҮТ дээр очиж хийлгэж болно.