Их дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ өгөх гэж буй төгсөгчид боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх шаардлагатай. Хэрвээ уг шалгалтад ороогүй, ороод 400 онооноос доош оноо авсан тохиолдолд ЭЕШ өгөх эрхгүй болох юм. Тиймээс сурагчдадаа уг шалгалтаа амжилттай өгөхөд туслах дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. “Монгол хэл бичгийн шалгалт” нь унших, бичих гэсэн хоёр хэсгээс бүрдсэн байх бөгөөд мөн монгол бичиг, зөв бичих дүрмийн мэдлэг шалгасан даалгавартай байдаг. Унших хэсэгт танаас өгөгдсөн эхийг уншаад ойлгох чадвар шаардана. Тиймээс одоогоос төрөл бүрийн эх дээр ажиллан уншиж ойлгох чадвараа хөгжүүлээрэй. Ингэхдээ эхийн хэв маяг, уран дүрслэл, сэдэв гол санаа, агуулгын бүтэц зэрэг хэлзүйн ойлголтоо давхар бататгаарай. Мөн шалгалтад ирсэн тухайн эхийн үг бүрийг утгачлан ухаарч уншиж ойлговол даалгаврыг ажиллахдаа ахин дахин уншиж цаг алдахгүй.
2. Монгол бичгээр уншиж чадаж байна уу? гээд өөрийгөө сориод үзээрэй. Зарим нэг үсгээ мартчихсан, үгээ уншиж чадахгүй байвал “Монгол бичиг-1” гэсэн шар хавтастай номыг эргүүлээд үсгүүдээ сэргээн санаж, унших дадлага хийгээрэй.
3. Алдаатай үгийг олж засах даалгавар дээр зөв бичгийн дүрмээ л мэдэхгүй бол гацаж орхино. Тиймээс гээгдэх, гээгдэхгүй эгшгийн дүрэм, үйл үг бүтээх “–Л” дүрэм, “-Я, -Е, -Ё”-г зөв бичих, “Ь-И” болох болохгүй гэх чухал дүрмүүдээ заавал мэдэж байх хэрэгтэй шүү. Мөн эхлээд үгийн язгуур дагавраа зөв тогтоож, алдаатай эсэхийг нь нягтлаарай.
4. Бичих даалгавар дээр эхлээд өгөгдсөн сэдвээ сайтар ухаж ойлгох хэрэгтэй. Эхээ зохиохдоо яаралгүй, хэрхэн бичихээ дотроо сайтар төлөвлөөрэй. Эхдээ баримт нотолгоо, үнэлэлт дүгнэлтээ заавал оруулах шаардлагатай бөгөөд тэрийгээ өөрийн мэдрэмж сэтгэгдлээр баяжуулан бичээрэй. (БАРИМТ: Түүхийн эх сурвалжаас харж мэдсэн, шинжлэх ухаанаар тайлбарлагдсан, бодитой мэдээлэл ҮЗЭЛ БОДОЛ: Баримт сэтгэгдэл хоёрын завсарт орших бөгөөд өөрт төрсөн мэдрэмжээ шууд илэрхийлэлгүй мэдлэг, мэдээлэл дээрээ тулгуурлан оюун дүгнэлт хийхийг хэлнэ. СЭТГЭГДЭЛ: Тухайн зүйлийг анх харахад төрсөн мэдрэмж буюу тэр мэдрэмжээ хэрхэн хүлээн авч буйгаа өөрийн үгээр шууд илэрхийлэхийг хэлнэ.)
5. Эхний даваагаа даваанд тооцолгүй жижигхэн уул гэж хараад ямар ч бэлтгэлгүй мацаж эхэлтэл хад чулуу, жалга дов, цас бороо гээд ямар ямар саад тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс бэлтгэл нь тодорхой хэмжээнд заавал байх хэрэгтэй зүйл гэдгийг бүү мартаарай.
6. Уншиж л чаддаг юм чинь энэ шалгалтыг давчихна гэж бодож байгаа юм биш биз? Монголын болон дэлхийн сонгомол зохиолыг өөртөө зориулж уншиж, шүлэг тогтмол цээжлэх нь унших бичих эх үндэс болно шүү. Тэгвэл энэ нь эндүүрэл гэдгийг өмнөх шалгуулагчдын жишээ тод харуулж буйг санаарай.
7. Уначихвал ахиад өгнө гэсэн бодлоо үлдэн хөөж “ЗААВАЛ ТЭНЦЭНЭ”, “БИ ЧАДНА” гэсэн итгэлтэй байгаарай.
БОЛОМЖ ҮРГЭЛЖ ЧИНИЙ ГАРТ БАЙДГИЙГ ЯМАГТ САНААРАЙ.
ТА НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.