УЛСЫН МАТЕМАТИКИЙН 52-Р ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2006 оны хичээлийн шинэ жил эхлэхэд Н. Эрхэс гэх жаахан бор хүү ээж ааваараа хөтлүүлэн тус сургуулийн 1-р ангид элсэн орж байв. Гэтэл өнөөдөр МУИС-ийн багш доктор В. Адьяасүрэнгийн нэрэмжит Улсын математикийн олимпиадад 11-р ангийн ангилалд хүрэл медаль хүртлээ. Саяхан Нийслэлийн математикийн олимпиадад тоонд сайн гэгдэх сургуулиудын сурагчдыг ардаа орхин түрүүлж шуугиан тарьж улсад орох эрхээ авч байлаа. Тэрээр улс хот, дүүргийн чанартай математикийн олимпиадаас 11 алт, 8 мөнгө, 10 гаруй хүрэл медалийг, химийн олимпиадаас 2 хүрэл, англи хэлний олимпиадаас мөнгө хүрэл медаль, бага ангидаа П. Энхболдын улсын уралдааны мөнгө хүрэл медалийг хүртсэн зэрэг нь түүний бүх хичээлдээ тэгшхэн сайн суралцагч болохыг тодорхойлно.
Түүнтэй 10 жил хамт суралцан бие биеийгээ хурцалж математикийн хичээлээрээ хот дүүргийнхээ олимпиадын олон арван медалиар энгэрээ мялааж байгаа Чинсанаа, Уянгаа, Шинэхүчит, Цолмонбаяр, Хулан, Бямбатөгөлдөр, Буянзаяа, Энх-Амгалан, Билэгт нарын олон найз нөхөд нь энэ ангид хамт суралцдаг учраас тэнд ил цагаан өрсөлдөөн, нэгнийхээ мэдэхгүйг нөгөө нь заах туслах дэмжих боломж бололцоо сайхан бүрдсэн орчин байдаг билээ.