ОЮУНЛАГ – ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ
Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюунлаг” дунд сургуулийн “Оюунлаг- Яруу найргийн наадам” 2017 оны 2-р сарын 13-нд амжилттай болж өндөрлөлөө.
“Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваасХөнгөн бийрийг хөших юун ” гэж 19-р зууны Монголын нэрт яруу найрагч, зохиолч, утга зохиолын онолч, уран зураач, их сэтгэгч В.Инжаннаши бичсэн байдаг.
Тийм ээ, “Оюунлаг” сургуулийн найрагч сурагчид үгийн ур ухааны цэцээ уралдуулан, найргийн хураар нэгэн өдрийг цэнгүүлж чадлаа.
Яруу найргийн наадам 3 шаттай явагдсан бөгөөд 1-ийн даваанд II-XII ангийн бүх сурагчид шүлэг бичиж, хамгийн сайн шүлгүүдээ шалгаруулж, 2-ын даваанд оролцууллаа.
2-ын даваа II – V анги – бага ангийн 28 найрагч
VI – VIII анги – дунд ангийн 50 найрагч
X- XII анги – ахлах ангийн 27 найрагч, нийт 105 найрагч оролцож, “Оюунлаг найраг” –ийн тайзнаа зохиосон шүлгүүдээ уншиж, үзэгч, сонсогчдын сонорыг мялаалаа.
3-ын даваанд 2-ын даваанаас шалгарсан дунд, ахлах ангийн 18 найрагч сурагч “Тэнгэр” сэдвээр 5 хормын шүлгээр өрсөлдөж, шилдгүүддээ тодрууллаа.Үүнд:
• Бага ангийн ангилалд:
Бага насны ангиллын шилдгийн шилдэг “Оюунлаг найраг” Болор цомын эзэн – 5а ангийн сурагч Т. Төгөлдөр
Тэргүүн байр – 4а ангийн сурагч О.Ному-Луун
Дэд байр – 3в ангийн сурагч О. Ууганбилэг
Гутгаар байр – 2г ангийн сурагч О.Зэлмэ
“Ирээдүйтэй найрагч” тусгай байр – 5а ангийн сурагч М.Мөнхтэмүүлэн нар тус тус шалгарав.
• Дунд, ахлах ангийн шилдгийн шилдэг найрагч “Оюунлаг найраг” Болор цомын эзэн- 11а ангийн сурагч Т.Солонго
• Дунд ангийн ангилалд:
Тэргүүн байр – 7в ангийн сурагч Г. Дөлгөөн-Эрдэнэ
Дэд байр -7а ангийн сурагч Б. Мөнгөнсор
Гутгаар байр- 8в ангийн сурагч М.Мөнгөлжин
“Ирээдүйтэй найрагч” тусгай байр- 7а ангийн сурагч Анужин нар тус тус шалгарав.
• Ахлах насны ангилалд:
Тэргүүн байр – 11а ангийн сурагч О.Цолмон
Дэд байр – 11а ангийн сурагч Э.Энхжин
Гутгаар байр – 11б ангийн сурагч Н. Мичидмаа
“Ирээдүйтэй найрагч” тусгай байр – 12а ангийн сурагч Золзаяа нар тус тус шалгарлаа.
….Аялгуу харсан омголон шүлгүүд тэднийхАнхны хайрын захидлын шүлэг ч тэднийхЗүүдээ зүйж, шүлгээ тэд бичиж л байхадЗүрх нь догдолж, жаргалаар тэд бялхдаг… гэдэгчлэн, сурагчид маань өөрсдийн сэтгэлийн дотоод ертөнц дэх сэрэхүй, оршихуй, гоо сайхны мэдрэмжээ үгээр хөглөн, шүлэг урлаж, уншиж, сонсож, таашаал авснаар өөрсдөө цэнгэж, өрөөлийг баярлуулсан сайхан наадам боллоо.
Ирэх жилийн яруу найргийн наадам хол ч, өнөөдрөөс эхлэн шүлгээ сойж, үгийн тансаг амт, ид шидийг мэдэрч, уран зохиолд шимтэн дурлах нь дамжиггүй.
2-ын ДАВААНЫ ШИЛДЭГ ШҮЛГҮҮДЭЭС:
Хоосон
Зориулсан сэтгэлийнхээ хариуд юу ч байсан болно,би авмаар байна
Зориг гаргаж унасныхаа төлөө хүйтэн далайд би шумбая,хүссэн болохоор
Үнэнч байсныхаа хариуд хараалын үг байсан ч сонсъё тэгэх үү,би ойлгоно оо
Уйтгарласан ч хамаагүй тэгээд дээшээ хараад сууна,дуулаад л…
Үүрд чимээгүй битгий суугаач ямар нэг зүйл хэл л дээ
Өгсөн сэтгэл болгоныг минь залгичихаад юу ч болоогүй мэт
Өнгөтэй нь гуниглаж
Үнэнч нь үхдэг юм уу?
Амьтай мөртлөө
Аниргүй тэд хоосон байлаа.
11а анги Т. Солонго
Сэтгэлийн дөрвөн өнгө
Өчигдөр газарт унасан үзэсгэлэн төгс цас
Өнөөдөр төрсөн бяцхан цэцэгс дунд уусна
Маргааш өдийд бороо орох тухай дуулдана
Магадгүй нөгөөдөр үдэш навчис сэрчигнэнэ.
Уйтай цагаан өнгө орчлон хорвоог нөмөрч
Утаа униар суунаглан нам гүм ноёрхоно
Жаргалтай хайрыг хүлээсэн залуус гансарч
Жамаараа яваа ертөнцөд хүлээлт үүсгэнэ.
Дулаан уур амьсгал бор өнгөтэй хоршиж
Дурлал хайрын аяз гудамжаар нэг хөвөрнө
Наль, шаль хийн газрын судал чийгтэж
Намайг хараач гэж гоёхон яргуй мишээнэ.
Хөгжилтэй ногоон өнгө нарны илчийг даллаж
Хөл хөөртэй байдал бороотой үест намдана
Ижлээ олчихсон болохоор залуус тайвширч
Эх дэлхий хүүхдүүддээ хамаг сайхнаа барина.
Улаан, шаргал хоёр өнгө сүлэлдэн ижилсэж
Уужуу тайван өдрүүд дуусах тал уруу хандана
Учралт хоёрын сэтгэлд түгшүүүрт дохио хадаж
Ургахын улаан нар бүгдийн тайван тольдоно.
Миний сэтгэлийг дөрвөн өнгө хөглөж
Миний ухааныг дөрвөн улирал сорино.
Хагацал учрал ээлжилдэг ертөнц байдаг
Хавар намар сөөлжилдөг амьдрал байдаг.
Ургахын улаан нар бүгдийг тайван тольдоно.
11а ангийн сурагч О.Цолмон
Заримдаа
Цэцэг хүртэл уйтгарлан дохилзож
Цаанаа нэг л гунигтай санагдахад
Өөр нэг өдөр нь
Өвс хүртэл наган ганхаж
Өнгө өнгөөр алаглах шиг мэдрэгдэнэ
Заримдаа
Нар хүртэл сааралтан бүүдийж
Наашлах илч нь үл мэдрэгдэхэд
Өөр нэг өдөр нь
Үүлс хүртэл бүжин хөвж
Өөр өөрөөр үзэгдэнэ
Өдөр болгон тааварлашгүй
Үдэш болгон зүүдлэшгүй
Алдаандаа харамсан уйлах өдөр байхад
Амжилтандаа бахдан баясах өдөр ч бий
Замаа олохгүй төөрөх өдөр байхад
Заяагаа мэдэн талархах нь ч бий
Учраа олохгүй гуних өдөр байхад
Ухаан суун талархах нь ч бий
Өөр нэгнийг өнөөдөр өрөвдөх ч
Өөрөө нүд үзүүрлэгдэх өдөр ч бий
Бусдын явдлыг одоо гайхах ч
Буруутан нь өөрөө болох өдөр ч бий
Нэг өдөр нэг нь инээж
Нөгөө нь уйлна
Нэг өдөр нэгэнтэй нь уулзаж
Нөгөөтэй нь сална
Нэг нь мэндэлэхэд
Нөгөө нь үхнэ
Өдөр болгон тааварлашгүй
Үдэш болгон зүүдлэшгүй
Ухаад ухаад олдохгүй эрдэнэ мэт
Угаагаад угаагаад арилахгүй толбо мэт
Амсар нь мэдэгдэхгүй ангал мэт
Амт нь мэдэгдэхгүй холл мэт
Хэв төлөв хэтийн байдал
Хэлбэр дүрс чиг баримжаа
Аль нь ч олдохгүй тийм л юмыг
Амьдрал гэдэг юм болов уу
Ам гарч угаас болдоггүй нь
Анхаарах ёстой дүрэм юм болов уу
Энэ мэт үргэлжлэх өдөр хоногийг
Эргүүлж үл болно
Эхлүүлсэн өдөртөө эзэн байж
Ирээдүйг харахаас өөр арга үгүй
11а анги Э.Энхжин
Бүсгүйн тавилан
Орчлонгийн сүүдэрт гэгээ татуулах гэж
Одод түгсэн шөнөөр дуугаа хадаан мэндэлжээ
Цэцэг цэврүү шиг гоо үзэсгэлэнгийн охийг шингээж
Цэгээхэн танхил хатан заяаг ч цогцлоожээ.
Бэлхүүс гоолиг нуруунаа гэзэг нь сул асгарч
Бээлийн чинээ охин бусдын харцыг булаажээ
Нас чацуу эрийн сэтгэлийг өөртөө аргамжиж
Найрын ширээнээ залран суух хувьтай юмсанжээ
Үүлэн тэнгэрт хөвөн нисэх мэдрэмж ахуйд
Үрийн заяа энгэрт нь ивлэх тохиол бүрджээ
Цаг цагийн аясад үл гундан асан
Цахилах гялбаа шиг эрдүүхэн явснаа санагалзаж
Үйл заяаны учганд тохиосон хайрынхаа
Үүрдийн жаргалд аялгуу хөглөсөн тэр нэгэн бүсгүйн тавилан
11б анги Н.Мичидмаа
Таны мэддэггүй гоо үзэсгэлэн
Эгэл жирийн яг л буйгаараа
Та гоо үзэсгэлэн
Эв хавгүй хайнга алхаа
Та гоо үзэсгэлэн
Үүдэн шүдний онгорхой ч
Үргэлж нуудаг шарх ч
Салахийг хүссэн илүүдэл жин ч
Сарниулахыг хүссэн бодол ч
Таны таалдаггүй хэсэг бүр
Цор ганц гоо үзэсгэлэн
Таны голдог хэсэг бүр
Цор ганц гоо үзэсгэлэн
Таны бодол санаагаар амьдрагч та
Цор ганц гоо үзэсгэлэн
Таны мэддэггүй та
Цорын ганц гоо үзэсгэлэн
12А анги Ц.Золзаяа
“ТЭНГЭР” 5 ХОРМЫН ШҮЛЭГ
“Оюунлаг найраг” Болор цомын эзэн 11а ангийн сурагч Т.Солонго
Тэнгэр
Хязгааргүй цэнхэр ягаан руу тэмүүлнэ
Хөвөн цагаан үүлс нь нил цэцэгсийг дуулна
Бороо улаан,цас цэнхэр
Ус ногоон,солонго хар
Хөх цэнхэр алтан шарыг хаяна
Тэнгэр өнгөө сольж, нарыг мартахад
Солонго тэнгэрт дахиж хэзээ ч гарсангүй.
Ахлах насны ангиллын тэргүүн байрын шагналт 11а ангийн сурагч О.Цолмон
Тэнгэр
Алтан нар бараан тэнгэрийг гийгүүлж
Аниргүй байдлыг хүүхдийн дуу цочооно
Хөмөрсөн тогоо шиг бараан гэр торойж
Хүн нэмэгдсэний баяр сэтгэлийг дүүргэнэ
Улаан нар бадамлах зул мэт цомцойж
Уудам талын дээр үүлтэй тэнгэр сүндэрлэнэ
Залуу насны цог золбоо бялхаж хүү өснө
Залбирал үйлдэж,эх нь анирлангуй сууна
Уулын цаана наран хотолж
Урсах цагийн зүү чаг чаг дуугарна
Хүү том болж, хүсэл нь тэнгэрт дүүлнэ
Хүн төрүүлсэн нь нартай цуг явна
Энэ бүхнийг тэнгэр тольдоно
Ээж нь хүүгээ тэндээс харуулдана.
Ахлах насны ангиллын 2-р байрын шагналт 11а ангийн сурагч Э.Энхжин
Тэнгэр
Үргэлжлэн цэнхэртэх тэнгэрийн хаяа
Өнөөдөр ч гэсэн наддаа үнэнчээр үлджээ
Өөр нэгэн орхиод явж болох ч
Үүлтэй тэнгэр хаачих билээ дээ
Бусад нь нүд үзүүрлэж гадуурхаж болох ч
Буруутан болгоод орхиж болох ч
Дээш өөд харахад тэнгэр бүүдийсэн хэвээр
Тэртээгээс надад захих шиг санагдана
Өнөөдөр уйлсан ч
Тэнгэр дээр бүүдийнэ
Маргааш инээсэн ч
Тэнгэр дээр бүүдийнэ
Мартагдаж орхигдож гуньж болох ч
Тэнгэр дээр бүүдийнэ
Энэхэн орчлонд тэнгэр нураагүй цагт
Эхэлснээ гүйцээх цаг боломж бий
Энэ ертөнцөд тэнгэр үл нурах аваас
Ичиж бүү ай
Хайрлаж баясаж инээж болох ч
Тэнгэр дээр бүүдийнэ
Ахлах насны ангиллын 3-р байрын шагналт 11б ангийн сурагч Н.Мичидмаа
Тэнгэр
Тэргүүнээ доош гудайлган тэнтэр тунтар алхаж явахдаа
Тэнгэрт байгаа эцгийнхээ төрхийг дотроо зураглан явлаа
Алдаа гаргасан ч ажрахгүй гэж аавдаа амлаж байснаа санаад
Арайхийн нулимсаа залгин,алдрай насаа дурсав
Буурал эцэг минь намайг тэнгэрээс харж байдаг болохоор
Буруу зөвийн алинд ч би толгой гудайгүй ээ.
Ахлах насны ангиллын тусгай байрын шагналт 12а ангийн сурагч Ц.Золзаяа
Тэнгэр
Арга үл олдон санаашран суухад
Аргадаж тайвшруулах хөх тэнгэр
Амьдралын олон өнгөнд төөрөхөд
Алаг нүдийг гялбуулах хөх тэнгэр
Үүлтэй, манантай бүрхэг тэнгэр байвч
Үүрдийн гаслан зовлонтой гэсэн үг биш
Үргэлж ийм байх мэт баяртай өдрүүд байвч
Үүр шөнөөр бороо орж ч мэднэ