ИРЭЭДҮЙН ХАРИУЦЛАГАТАЙ ОЮУТАН
“Монголын Оюутны Холбоо”-ны нарийн бичгийн дарга Т. Ган-Эрдэнийг урьж ахлах ангийн сурагчиддаа “Мэргэжил хэрхэн зөв сонгох вэ?”, “Оюутан болоод юуг анхаарах вэ?” сэдвийн хүрээнд мэдээлэл зөвлөгөөг хүргэлээ.
Хаврын улирал хаяанд ирж төгсөх ангийн сурагчид маань мэргэжил сонголтоо хийн дуртай сургуульдаа хүссэн мэргэжлээрээ элсэн суралцахын тулд элсэлтийн ерөнхий шалгалтандаа хэдийнээ бэлдэж эхэлсэн билээ. Оюутан болоход биднийг ямар нөхцөл байдал, ямар үүрэг хариуцлага хүлээж байдгийг урьдаар мэдэрч сонсон сэтгэлзүйн бэлтгэл, зөв чиг баримжааг одооноос төлөвшүүлж байх нь нэн чухал юм шүү.
Мэргэжлээ сонгоход анхаарах зүйл
Алсын хараа
Мэргэжил сонголт гэдэг хүний ирээдүйн амьдралын дүр зургийн тал болдог. Тухайн мэргэжлийн цар хүрээ, ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байх эсэх буюу магадгүй 30-40 жилийн дараа хоцрогдохгүй байх эсэхийг сайтар судлан судалгаа шинжилгээнд тулгуурлан сонгох нь зүйлтэй.
Өөрийнхөө сонирхлыг дага
Мэдээж ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгоход эцэг эхийн мэргэжил, ажлын онцлог, нийгмийн шаардлага, цалин хөлс, ажлын байрны эрэлт гэх мэт маш олон зүйл нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ өөрийнхөө сонирхол, чадварт тулгуурлан сонгох нь зөв сонголт болно.
Ахиж дэвших боломж
Дээд боловсролтой болоод диплом өвөртлөх нь амьдралын баталгаа мөн гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Тухайн мэргэжлээр өөрийгөө хөгжүүлэх, нээх, ахиж дэвших нийгэм цаг үетэйгээ хөл нийлүүлэх урагшлах, чадваржих боломжийг судлах хэрэгтэй.
Оюутан болоод юуг анхаарах вэ?
Хариуцлагатай бай!
Оюутан болоход бие даах гэдэг маш том хариуцлага бий. Дунд сургуульд сурдаг шиг хэнч таны хойноос даалгавраа хий, хичээл хий гэх мэт үгсийг хэлэхгүй. Тэглээ гээд тайвширч, өөрийнхөө хариуцлагыг умартвал маруухан хувь заяа чамайг хөтлөх болно. Сонгосон мэргэжлээрээ идэвх чармайлттай байж, цагийн юмыг цагт нь ягштал хийвэл амжилттай суралцана.
Цагийг зөв ашигла
Их сургуулийн оюутан болсон таньд чөлөөт цаг зөв их гарна. Өдөрт 2-3 цагийн хичээлд суух өдөр, бие даалттай өдөр гэх мэт. Энэ чөлөөт цагийг хэрхэн үр бүтээлтэй ямар хэв маягаар өнгөрөөхөөс шалтгаалаад таны найз нөхдийн хүрээлэл, ирээдүйн амьдралын ерөнхий дүр зураг гарах болно.
Голч дүн
Мэргэжил эзэмшин сургууль төгссөний дараа ажлын байр гэдэг бас нэгэн өрсөлдөөнтэй даваа бий. Жилд дунджаар 20-30,000 мянган оюутан төгсдөг. Үүнээс нэг мэргэжлээр 1000 орчим оюутан төгсөхөд таны голч ажлын байранд тэнцэх нэг шалгуур болно. Мөн багаар ажиллах чадвар болон өөрийнхөө хийсэн, судалсан зүйлийг бусдад таниулах, ойлгуулах чадвар нэн чухал гэдгийг санаарай.
12А ангийн сурагч М. Чинсанаагийн сэтгэгдэл:
Мэргэжил сонголтоо зөв хийх хэрэгтэй. Учир нь хүн амьдралдаа хийдэг хоёр том сонголт бол мэргэжил, насны хань хоёр юм. Дуртай мэргэжлээ судалж үзээд үнэхээр таньд тохирох бол сонгох хэрэгтэй тэгэхгүй бол цааш сайн суралцаж чадахгүй, сайн суралцаагүй хүн сайхан ажилд орж чадахгүй. Бас дуртай зүйлээсээ илүү сайн чаддаг зүйл амжилтанд хүргэдэг бөгөөд чаддаг зүйлдээ дуртай ч болж болно. Өрсөлдөөн чинь ангийнхан хүүхдүүдээр хязгаарлагдаж болохгүй бөгөөд бүх хүүхэдтэй өрсөлдөж байгаагаа ойлгож хичээх хэрэгтэй. Төгсөх жил гээд цагийг мартагдахааргүй өнгөрөөх гэж зугаацаж байх хооронд бусад хүүхдүүд хаа нэгтээ ном эргүүлж байгаа. Иймд хэдий сүйлийн жил байсан ч амьдарлыг тань шийдэх сонголт учир шамдах хэрэгтэй. Их сургуульд орсон цагаас эхлэж ямар ч багш таны хойноос гүйхгүй. Харин та дүнгийн хойноос хэнээр ч хэлүүлэлгүйгээр гүйж эхлэх бөгөөд бие даах чадварт одооноос суралцах хэрэгтэй. Илтгэл тавьсан ахын хувьд хэдий тоондоо сайн байсан ч шалгалтын өмнөх долоо хоногт нойроо хасан бэлдсэн учир ядарч сайн чаддаг хичээлийнхээ шалгалтыг муу өгсөн. Ийм учир өмнөх долоо хоногт бүхнийг мартан тойлгоогоо сэргэг байлгах хэрэгтэй. Элсэлтийн ерөнхий шалгалт тийм амар зүйл биш хэдий ч бас давж гардаггүй даваа биш учир тууштай бэлдэх хэрэгтэй. Их сургуулийн хичээлүүд хоорондоо холоотой байдаг ба нэг хичээлийг бүрэн ойлгож шалгуулаад дараагийн хичээлийг үзэх эрхтэй болдог ба иймд нэг хичээлийг хагас дутуу ойлгож дуусвал цааш явахад илүү хүнд болох учир эхнээсээ тууштай шантралгүй хичээх хэрэгтэй гэдгийг үе тэнгийнхэндээ болон дүү нартаа уламжилъя.