Гахайн хавдраас урьдчилан сэргийлцгээе

Гахай хавдар нь вирусээр үүсгэгддэг, булчирхайлаг эрхтнүүд болон мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг, агаар дуслын замаар дамжин халдварладаг цочмог халдварт өвчин юм.

Шалтгаан
Уг өвчин нь парамиксовирусийн төрлийн вирусээр үүсгэгддэг бөгөөд үүсгэгчийг 1934 онд эрдэмтэн Р. Гудпастер, К. Жонсан нар илрүүлжээ. Гахай хавдар үүсгэгч нь булчирхайлаг эрхтэн болон тархины эд, зөөлөн бүрхүүлийг сонгомлоор гэмтээдэг. Үүсгэгч вирус нь халуун, хэт ягаан туяа, формалин, спиртийн үйлчлэлийн улмаас амархан идэвхээ алддаг.

Халдвар дамжих зам
Халдварын эх уурхай нь өвчтэй хүн байдаг. Энэ өвчин нь агаар дуслын замаар, өвчтөний шүлсээр бохирлогдсон зүйлсээр дамжин халдварладаг. Ихэвчлэн хүүхэд өвчилдөг. Гэхдээ дархлаажуулалтанд хамрагдаж байгаагүй насанд хүрсэн хүн ч тусах нь бий.
Хамгийн их халдвартай үе нь өвчний эмнэл зүйн шинж илрэхийн өмнөх 2 хоног байдаг. Гэхдээ өвчин эхэлснээс хойш 12-25 дах хоногт ч халдвар тараах боломжтой. Өвөл хаврын улиралд өвчлөл ихэсдэг. Өвчилсний дараа удаан хугацааны тогтвортой дархлаа тогтдог.

Эмгэг жам
Гахай хавдрын вирус хамар залгиур, амны хөндийн салст бүрхэвчээр нэвтрэн орж тэндээ байршиж үрждэг. Тэндээсээ вирус шүлсний булчирхайгаар дамжин цусанд орж тархах ба хордлогын шинж илэрнэ. Вирус хаана байрласнаас шалтгаалан эмнэл зүйн шинжүүд нь янз бүрээр илэрдэг.

Ангилал
Өвчний явцаар нь хөнгөн, дунд, хүнд гэж ангилна. Мөн булчирхайн, мэдрэлийн, хавсарсан гэж ангилна. Булчирхайн томролтын зэргээр нь 3 ангилна.
1-р зэргийн  томролтын үед харахад өөрчлөлтгүй боловч тэмтрэлтээр шүлсний булчирхай зөөлөн, хавдартай байна.
2-р зэргийн томролтын үед харахад хаван сайн харагдах бөгөөд тэмтрэхэд арай хатуувтар, хавдар чихний арын хонхрыг дүүргэн арагшаа, урагшаа тархсан, арьс нь гөлийсөн, бага зэрэг эмзэглэлтэй.
3-р зэргийн томролтын үед хаван хүзүү болон хацар руу нилээн тархсан арьс нь гөлгөр, эмзэглэлтэй хатуувтар байна.

Эмнэл зүй
Өвчний нууц үе нь 11-23 хоног. Өвчний урьтал үе бараг ажиглагддаггүй ба цөөн тохиолдолд 1-2 хоногийн турш булчингаар өвдөх, толгой өвдөх, нойронд муудах, хоолны дуршил буурах зэргээр илэрч болдог. Өвчин 38-39 хэм хүрч халуурах, толгой өвдөх, хоолой залгиур эмзэглэх, чихээр хатгаж өвдөх, бөөлжих зэргээр цочмог эхэлнэ.
Зарим тохиолдолд мэнэнгийн шинж тэмдэг илэрч болно. Чихний булчирхай гэмтэх нь энэ өвчний гол шинж юм. Эхлээд нэг талдаа дараа нь нөгөө талдаа хавдана. Хэлэн доорх болон эрүүн доорх шүлсний булчирхай бас гэмтэж болно.
Чихний ойролцоох шүлсний булчирхай гэмтэхэд юм зажлах, ам ангайхад эмзэглэлтэй болж чихний омог өргөгдөнө. Гаднаас нь харахад чихний арын хонхрыг дүүргэн байрласан хавдар байх бөгөөд энэ хавдар нь арагшаа, урагшаа, доошоо тархсан, арьс нь чинэрч гөлийсөн, өнгө нь хувираагүй, тэмтрэхэд төвдөө хатуувтар, зах уруугаа зөөлөн, эмзэглэл багатай байна.
Эрүүний ар хонхор, чихний омогний урд, хавдрын төвд дарахад эмзэглэлтэй байна. Энэ 3 цэгийг өвдөлтийн 3 цэг буюу Филатовын шинж гэнэ. Амыг ангайлгаж үзэхэд дээд бага арааны харалдаа нээгддэг шүлсний цортоны амсар улайж овойсон харагдана. Үүнийг Мурсугийн шинж гэдэг. Шүлсний цорго хавдсанаас нүх нь нарийсаж голдоо хар цэгтэй мэт харагдана. Шүлс ялгаралт багасаж, өвчтөн ам хатлаа гэж зовиурлана.
Хавдар эхний 3-4 хоногт аажим нэмэгдэж, дараа долоо хоногт нэг хэмжээнд байснаа аажим буурна. Хөнгөн үед бага зэрэг халуурах, зөвхөн шүлсний нэг булчирхай өвдсөний шинж гардаг.
Дунд зэргийн үед 38-39 хэм хүрч халуурах, толгой өвдөх, үе мөчөөр шархирах зэрэг ерөнхий хордлогын шинж тод илэрнэ. Өвчний хүнд үед өндөр /40 хэм/ халуурч удаан хугацаагаар үргэлжилнэ. Шүлсний булчирхай нилээд томорч 2 талыг ихэвчлэн хамарсан, хүндрэлийн шинжүүд гарсан байна.
Ерөнхий хордлогын шинж нь ядрах, сульдах, зүрх дэлсэх, даралт буурах, нойр хямрах, хоолонд дургүй болох шинжүүд тод илэрнэ.
 
Хүндрэл
Энэ өвчний хүндэрсэн хэлбэрийн үед төмсөгний үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, хөхний үрэвсэл, менингит, зүрхний булчингийн, үений үрэвсэл, бөөрний үрэвсэл зэрэг хүндрэлүүд тохиолдож болзошгүй.
Төмсөгний үрэвслийн үед хуухнаг хавдаж, хүчтэй өвдөн, явахад хөндүүрлэн цавь руу дамжин өвдөнө. Үзэхэд төмсөг хавдаж улайсан, хатуувтар, үрийн сувгийн дагуу эмзэглэлтэй байна. 7 хоногийн дараа дээрх өөрчлөлтүүд бүрэн арилна. Цөөн тохиолдолд төмсөг нь жижгэрч, хоёулаа гэмтсэн тохиолдолд үргүй болох нь ч бий.

Эмчилгээ
Өвчний хөнгөн хэлбэрийн үед эмчилгээг гэрийн нөхцөлд хийнэ. Өрөө тасалгааг тогтмол агааржуулан, чийгтэй цэвэрлэгээг хийх хэрэгтэй. Өвчний явцаас хамааран, өвчний эхний хоногуудад хэвтрийн дэглэм сахиулна. Энэ өвчний үед эмчилгээ нь хүндрэлээс сэргийлэхэд чиглэгдэнэ. Амин дэмээр баялаг, илчлэг, чанар сайтай, хагас шингэн хоол өгнө. Амин дэмийн эмчилгээ хийнэ. Үүнд:
С болон В бүлгийн амин дэм уулгах Ам хуурайшиж, шүлс багассан үед өдөрт 2-3 л шингэн амаар уулгах, хоол идсэний дараа амыг ариутгалын уусмалаар зайлуулж байх хэрэгтэй.

Хэсэг газрын эмчилгээ:
Хавдсан хэсэгт спиртэн болон бүлээн бигнүүр тавих, шарлага хийх, амыг ариутгасан уусмалаар зайлуулна. Хүндрэлийн үед хордлого тайлах, даавар, антибиотик болон шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Урьдчилан сэргийлэлт
Өвчтөнг эрт оношлож, хөнгөн өвчтөнг гэрээр, хүндэвтэр өвчтөнг эмнэлэгт тусгаарлан эмчилнэ. Тусгаарлах хугацаа өвчин эхэлснээс 10 хоног хүртэл байна. Урьд нь гахай хавдраар өвчлөөгүй 10 хүртэлх насны хүүхдүүдийг хавьтал болсон өдрөөс хойш 21 хоног хүртэл сургууль цэцэрлэгт нь явуулахгүй хөл хорино

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.