Ерөнхий боловсролын сургууль нь хүүхдэд эрдэм түгээх өргөө төдийгүй тэдний эрүүл мэнд, хүмүүжлийн хувьд чухал орчин билээ. Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор батлагдан “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас эхлэн манай сургууль бага, дунд, ахлах ангийн сурагчдад хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл ахуйн шаардлага хангасан “Үдийн хоол”-оор үйлчилж байгаа билээ. Тус үйлчилгээнд хамруулснаар тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжил, сурах идэвх, оролцоо, эрүүл ахуйн зан үйлд эерэгээр нөлөөлдөг ач холбогдолтой. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчим” буюу худалдан авах, тээвэрлэх, хүлээн авах, хадгалах, үйлчлэх гэсэн зарчмыг чанд мөрдөн ажиллаж байна.
Хоол үйлвэрлэлдээ мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоог “Тусгай гэрээт” компаниас сүүлийн 8 жил, сүү, сүүн бүтээгдэхүүнийг “СҮҮ” ХХК-аас шинээр авч байна. Үдийн хоолны түүхий эд хүлээн авахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж сурагчдад хүрэх бүх шат дамжлагад эрүүл ахуйн шаардлагыг хангаж, гал тогооны ажилтнуудын эрүүл ахуй, ариун цэврийн дадлыг чанд сахиж, багш, сурагчид гарын ариун цэврийг сайн мөрддөг нь бас онцлог юм.
Сурагчдын өдөрт авах илчлэгийг нарийн тооцож, хоолны жор, бэлтгэх технологийг мэргэжлийн байгууллагаар 14 хоногийн цэс хийлгэж, сургуулийн захирлаар баталгаажуулан өдөр бүр салат, зууш, I ба II хоол, жүүс, нэмэлт бүтээгдэхүүний багц хоолоор үйлчилж байна. Мөн улирлын онцлогоос хамааран намар, өвөл, хаврын улиралд сурагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор аньс, чацаргана, витамин, аарц, мах, махан бүтээгдэхүүний орцыг нэмэгдүүлж өгдгөөрөө бас онцлог юм. 2022 оны 11 сарын 05-ы өдөр “Оюунлаг” сургуулийн I-XII ангийн суралцагчдын 800 гаруй эцэг эх “Үдийн хоол”-ны өдөрлөгт оролцож, орц, амт чанарт амталгаа хийлээ. Өдөрлөгт оролцсон эцэг эхүүд хоолны амт чанар, порц, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар эерэг сайхан сэтгэгдэл бичсэнийг харахад сайшаалтай байлаа. Цаашид анхаарах зарим асуудлыг бичсэн нь бидний цаашдын ажлын төлөвлөгөө болж байгаа юм. Сургуулийн “Үдийн хоол”-ны тухай нэмэлт мэдээллийг www.oyunlag.edu.mn сайтаас аваарай.
Previous
Next