Scroll Top
1525
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Урмаар тэтгэгдсэн хүүхдийн сэтгэл зүрхнээс агуу бүтээл төрдөг

Урмаар тэтгэгдсэн хүүхдийн сэтгэл зүрхнээс агуу бүтээл төрдөг

“Оюунлаг” сургуулийн авьяаслаг зураач хүүхдүүд маань HUGO&COLOR  клубийн нэрэмжит гар зургийн улсын уралдаанд амжилттай оролцож, багаараа тэргүүн байр эзэлжээ. “Шавийн эрдэм багш”-аас гэдэг.  Сайн сайхан зүйл маш их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр бий болдог билээ.  Бяцхан шавь нарынхаа  хүсэл мөрөөдлийн жигүүр нь болж, урам зоригийн галыг бадраан амжилт бүтээлээр арвин яваа дүрслэх урлагийн багш Б.Сандуйтай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.  

-Та дүрслэх урлагийн багшаар ажиллаад хэдэн жил болж байна вэ?

-МУБИС-ийн Зураг урлагийн багшийн ангийг 2009 онд төгссөнөөс хойш ес дэх жилдээ ажиллаж байна. Багшийн ажилдаа их дуртай.

Та “мэргэжилдээ хайртай” гэлээ. Энэ мэргэжлийн юу нь таныг тэгэж  их дурлуулдаг юм бэ?

-Хүүхэд. Би хүүхэдтэй ажиллана  гэдгийг  хүүхдийн дотоод ертөнцтөөр аялахыг  хэлдэг юм болов уу гэж боддог. Хүүхдийн дотоод ертөнц бол маш гэгээн тунгалаг, давтагдашгүй өөр өөр өнгө будагтай байдаг.  Үнэхээр томчууд бидний нүдэнд буугаагүй, олж хараагүй санаанууд хүүхдээс гарч байдаг.  Би өөрийгөө хүүхдийн дотоод ертөнцөд аялагч  гэж төсөөлдөг. Энэ л миний ажилдаа дуртай байдгийн учир байх… Би ажилдаа сэтгэл зүрхээ зориулж, бүхнээ дайчилж л ажилладаг даа. Сэтгэл зүрхээ зориулж байгаа ажлын үр дүн бол их сайхан, гэгээн, сүүн зам мөртэй байдаг.

Таныг хүүхэдтэй их сайхан харьцдаг, үргэлж хүүхдэд урам хайрладаг сайн  багш гэж ярьдаг юм билээ?

Би хүүхдийг хатуу ширүүн үгээр зэмлэж, загнахыг боддоггүй. Эхлээд хүүхдээ танин мэдэх нь чухал гэж боддог. Тухайн хүүхдийн дотоод мөн чанар нь юу вэ? Ямархуу зан араншинтай хүүхэд билээ гэдгийг нь судалсны үндсэн дээр би зөвлөн тусалдаг. Хүүхдийн сэтгэлд  хамгийн анхны сэтгэгдэл маш тод үлддэг. Тэр мэдрэмжээ хүүхэд цаасан дээр буулгахдаа өөрийнхөөрөө, чөлөөтэй зурдаг. Түүнийг нь буруу гэх эрх надад байхгүй. Харин –Чи ингэж зурж болох уу? Үүнийгээ ингэж өөрчилбөл илүү сайхан зураг болох байх гэх мэтээр  бидний хоорондын халуун дотно ярианаас илүү сайн зураг гардаг юм шиг санагддаг.

Багш бүр өөрийн арга барилтай байдаг. Таны хувьд ямар зарчим, арга барилаар хүүхэдтэй ажилладаг вэ?

-Би хүүхдийн үнэнч, сайн найз шиг нь байдаг. Тухайн орчинд тохируулан хүүхэд шиг сэтгэж, хувирахыг хичээдэг. Тэгснээр хүүхэд надад илүү итгэж, миний зөвлөгөө, хэлсэн ярьсан санаануудыг өөртөө сайн тусгаж авдаг. Хүүхдийн үнэнч сайн найз шиг нь байж, итгэлийг нь алдахгүй байхад хичээл аяндаа л үр өгөөжтэй, үр дүнтэй болдог юм.

Хүүхэд гэр бүлийн орчин, найз нөхдийн нөлөөнөөс маш амархан сэтгэлээр унана бас сэргэнэ. Тэр болгонд хүүхдүүдтэй их ойрхон байж, аль болох хүртээмжтэй байхыг л эрхэмлэдэг дээ. Би хүүхдийг хатуу ширүүн үгээр айлгаж зэмлэхээсээ өмнө ухааруулж ойлгуулах юм сан гэж боддог. Яагаад ингэв, чи үүнийгээ ахиад нэг оролдоод үзээч, оролдож байж л чи зурж чадна гэсэн итгэлийг хүүхдэд өгч, зөвөөр ойлгуулж ажилладаг. Энэ маань хүүхдэд хүрдэг юм болов уу?

Хүүхдийнхээ сэтгэл зүйг ажиглаж, дэмжиж өгснөөр  өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ, багштайгаа ойр дотно болно, өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэн гаргаж, хүүхэд өөрөө илүү нээлттэй болдог. Хүүхдүүд маань надтай бол их л нээлттэй харьцдаг даа.

Уран зураг хүүхдийн хүмүүжил, төлөвшилд  хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Би 2011 онд Японд 14 хоног ажиллаад ирсэн. Тэнд сургалтад хамрагдаж, өөрөө хичээл зааж үзлээ. Тэнд дүрслэх урлаг, гоо зүйн хичээлүүдийг нэн тэргүүнд тавьдаг юм билээ. Учир нь хүүхдийн бие хүн болж төлөвшихөд бие бялдар, гоо зүйн мэдрэмж, урлагийн нарийн мэдрэмжийг эхлээд хөгжүүлж, цаашлаад бусад хичээлийг сурахад илүү хялбар байдаг гэж ярьж байсан.

Ер нь уран зургийн нөлөө маш их. Хүүхэд зургаар өөрийн доторх хүнээ илэрхийлж гаргана, тогтвортой сууж сурна, зөөлөн сэтгэлтэй, зөв хүн болж төлөвшихөд зураг маш их нөлөөлдөг.  Түүнчлэн уран зураг хүүхдийн баруун тархийг хөгжүүлэх, сэтгэн бодох,бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох, дэс дараатай сэтгэх зэрэг чадваруудыг хөгжүүлдэг. Сүүлийн үед эцэг эхчүүд маань хүүхдийнхээ дүрслэх урлагийн мэдрэмж, авьяасыг их дэмждэг болсон нь ажиглагддаг шүү. Хүүхэд бүр авьяастай байх албагүй. Харин хүнийг хайрлаж энэрдэг, сайхан сэтгэлтэй, эв эеийг эрхэмлэдэг, урлагийн мэдрэмжтэй  хүн болж төлөвшөөсэй гэж би бодож, ийм хүнийг төлөвшүүлэхийг зорьж ажилладаг.

Хүүхэд гэдэг маш сонин ертөнц. Хүнээр хүн хийнэ гэдэг асар их ухаан.  Таныг шавь нар чинь маш их хайрладаг юм билээ ?

-Хүүхэд бол миний бодлоор цагаан цаас. Хүүхдийн гэр бүлийн орчин, нөлөөлөл таатай сайхан байвал сэтгэл нь их баяр хөөртэй, нүднээс нь оч гялалзаад их л өөр байдаг. Тэр мэдрэмжээ хүүхэд цаасан дээр буулгахдаа  нарийн мэдрэмжээр, их чөлөөтэй, өөрөөр буулгадаг . Сэтгэл нь таагүй бол андашгүй. Тэр болгонд би дотны сайн найз шиг нь байхыг хичээдэг.  Багш шавь гэсэн хөндий хоосон харьцаанаас аль болох зайлсхийж, урам итгэл өгсөн халуун дотно сэтгэлээр хандвал хүүхэд  илүү нээлттэй, чөлөөтэй болж түүнийгээ зургаараа төгс илэрхийлнэ.

Урмын үгийг би харамгүй хэлдэг. Ингэхээр хүүхэд дараа дараагийн зурган дээрээ улам сайн зурах гэж тэмүүлдэг юм билээ. Би урмаар тэтгэгдсэн хүүхдийн сэтгэл зүрхнээс маш агуу бүтээл, мэдрэмж, эрч хүч гардаг  юм байна гэдгийг мэдэж авсан. Тиймээс урамгүй муу үгээр унтраахаас илүү урмын сайхан үгийг  харамгүй өгч байх нь хүүхдэд цааш цаашдаа би чадна гэсэн итгэл, оргилсон их эрч хүчийг өгдөг юм уу даа.

 

-“Хүнийг нэг хэв маягт байлгах нь загасыг модонд авируулахтай адил” гэж  манай нэг сурагч эсээндээ дурдсан байсан. Үнэхээр ч хүүхэд бүрийг өөрөөр нь байлгах, сэтгэлгээг нь чөлөөтэй задлах гэдэг маш чухал санагддаг юм. Та ямар бодолтой байдаг вэ?

-Ямар нэгэн зүйлд баригдахгүй байх гэсэн сэтгэлгээг манай хүүхдүүд аль хэдийн бодол оюундаа суулгачихжээ. Энэ нь юунаас харагдаж байна вэ? гэхээр уралдаан олимпиад, тэмцээнд манай хүүхдүүд амжилттай оролцдог нь тэд чөлөөтэй, задгай сэтгэдэг, ямар нэгэн зүйлд баригддаггүйтэй нь холбоотой байх. Би хүүхдүүдтэйгээ найз шиг нь харьцаж, чөлөөтэй, өөрөөр нь байлгах дуртай. Ингэж байж хүүхэд  өөрийнхөөрөө сэтгэж, цаашлаад бие хүн болж төлөвшихөд чухал гэж боддог.

Ярилцсан: МХУЗ-ын багш О.Болор-Эрдэнэ

Товч танилцуулга:

Овог: Батжаргал

Нэр: Сандуй

1988  Төв аймаг Алтан булаг суманд төрсөн

Боловсрол:

1995-2005 Төв аймгийн Алтанбулаг сумын дунд сургууль

2005-2009  Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн   Зураг урлалын багшийн анги

2014 МУБИС ДУТС “Урлаг Судлал”-ын магистр

 

Бие даасан үзэсгэлэн:

2011 Алтан нутаг бие даасан үзэсгэлэн

2016 “Хийморьлог хүлгийн торгон агшин”бие даасан үзэсгэлэн

 

Уран бүтээлийн үзэсгэлэнгүүд:

2010 Алтан бийр МУЭ-ийн Арт галерей

2010 Хавар МУЭ-ийн Арт галерей

2011 Алтан бийр МУЭ-ийн Арт галерей

2011 Хавар МУЭ-ийн Арт галерей

2011 Дүнжин гаравын урчууд  МУЗ Галерей

2011 Оны шилдэг бүтээл  МУЗ Галерей

2012 Алтан бийр МУЭ-ийн Арт галерей

2012 Хавар МУЭ-ийн Арт галерей

2012 Монголын сайхан орноор МУЭ-ийн Арт галерей

2013 Шинэ бүтээл МУЭ-ийн Арт галерей

2013 Хавар МУЭ-ийн Арт галерей

2013 Гранд Арт МУЭ-ийн галерей

2014 Алтан бийр МУЭ-ийн галерей

2014 Гранд Арт МУЗ-ийн галерей

2014 Төв нутгийн өнгө 2014 МУЭ Best  art galerei

2015 “Реализм” BLUE MON арт галерей

2015 “Монголын сайхан орноор” МУЗ Галерей

2016 Гранд Арт МУЗ-ийн галерей

2016 “Намар” МУЭ-н галерей

2016 “360 градус” BLUE MON арт галерей

Шагнал:

2012 Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” алтан медаль

2017 Монголын залуучуудын холбооны  “Хөдөлмөрийн Алдар” медаль

Сэтгэгдэл үлдээх