“Оюунлаг” сургууль олон улсын “Найрамдал” цогцолбортой хамтарсан хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уг хөтөлбөр ковид-19 вирусийн тархалт болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой завсарлаад байсан бол энэ жилээс ахин хэрэгжиж байгаагаараа онцлогтой.
Нэгдүгээр улирлын бие даалтын долоо хоногт “НАЙЗ БАЙЯ” хөтөлбөрийн хүрээнд олон улсын “Найрамдал” зусланд 7-12 ангийн сурагчид маань 2 ээлжээр 3 хоног амарсан бол, 1-6-р ангийн сурагчид өдрөөр амарсан юм. 10 сарын 26-нд 1-3-р ангийн сурагчид, 10 сарын 27-нд 4-6-р ангийн сурагчид, 10 сарын 25-наас 10 сарын 28-ны хооронд 7-9-р ангийн сурагчид, 10 сарын 28-наас 10 сарын 31-ний хооронд 9-12 ангийн сурагчид маань бие биеэ таньж, шинийг сурч мэдэн, хөгжил инээд дүүрэн дурсамж бүтээгээд ирлээ. Завгүй хөтөлбөрүүдийн доор өртөөчилсөн сургалт, бүлгийн ажлуудад анги удирдсан багш нар ангиудаа удирдан чиглүүлж мөн өөрсдөө ч адилхан оролцон хүүхдүүдийнхээ авьяас чадварыг биширч, туслагч дэмжигч, найз нь байлаа. Багахан хугацаанд ч болов эрүүл амьд харилцааг эрхэмлэсэн 3 өдрийг хамтдаа аз жаргал, инээд хөөрөөр дүүргэсэн, анги хамт олны эв нэгдлийг сэргээсэн үр дүнтэй сайхан хөтөлбөр болсон юм.
Энэхүү хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан, мөн аюулгүй байдал, амт чанартай хоол хүнс, сонирхолтой хөтөлбөр, эерэг хандлагаар сурагч, багш нарыг маань угтсан олон улсын “Найрамдал” цогцолборын хамт олон, идэвх санаачилга, хичээл зүтгэлтэй оролцон, анги нийтээрээ хамрагдсан сурагч, багш нартаа талархал илэрхийлье.