ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙД ТАВТАЙ МОРИЛ

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙД ТАВТАЙ МОРИЛ

Даяарчлалын эринд хүний заяагдмал чанар алдагдаж, мэдээллийн технологийн хэт их хурд дунд байгаллаг сэтгэлгээ, мэдрэмж гээгдэн, хатуу хахир болж байгааг халаглахаас өөрөөр бид юу хийж байна вэ?
Оюунлаг сургуулийн зураг урлалын багш Сандуй урлагийн гоо сайхнаар дамжуулан өнөөгийн хүүхэд бүрт олгох ёстой хүмүүжлийн дутуу орон зайг нөхөхөд өөрийн хувь нэмрээ оруулсаар явна.

2015-2016 оны хичээлийн жилд гар зургийн уралдаан, хот дүүргийн чанартай олимпиадуудаас алтан медаль 28, мөнгөн медаль 20, хүрэл медаль 15, тусгай байрын шагнал 19-г зураг урлалын багш Сандүйгийн удирдсан зургийн дугуйлангийн сурагчид хүртээд байна.

Сандуй багштай зургийн дугуйлангийн сурагчдын уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилт, тэдний хийсэн уран зургийн бүтээлүүд нь эцэг эхчүүд болон багш сурагчдын гайхшралыг төрүүлж, тэднээр бахархах сэтгэлийг бий болгосоор нилээд хугацааг өнгөрүүлжээ.
Хүүхэд болгон зураг зурах дуртай. Тэднийг зураг дүрслэлийн арга техник, дотоод сэтгэлийнхээ бодол үйлийг хэрхэн мэдэрч гадагш нь гаргаж дүрслэх нарийн арга ухаанд багш хэмээх эрхэм хүмүүн л чиглүүлнэ. Багш хүний сургалтын арга барил ямар байгаагаас хүүхдийн бүтээлч эрэлхийлэх хандлага төлөвшдөг жамтай. Зураг бүр өөрсдийнхөө дотоод сэтгэлдээ мэдэрч эхэлж байгаа энэ ертөнцийн түмэн гайхамшгийг гар хурууныхаа мэдрэмжээрээ дүрслэн буулгаж байгаа нь тэр. Хүүхэд болгон өөр өөрсдийн ертөнцтэй, тийм болохоор зурж байгаа зургууд нь өөр өөр.Тэдний бүтээлээс яруу сайхныг мэдрээсэй. Ширхэг зураас зурвас өнгө, өнгө будгийн шийдэл бүр хүүхдийн дотоод сэтгэлийн гадаад хэлэмж шүү.
Өөрөөс нь өөр хэн ч сонсож чадахгүй тэр л аялгуу эгшгийн хэмнэлтэй нарийн мэдрэмжийн илэрхийлэл болсон олон уран бүтээлүүд гарч зөвхөн сургууль хамт олноор хязгаарлагдахгүйгээр, олон нийтийн хүртээл болсоор байна.
Тэдний уран бүтээлийн өнгө төрх, зохиомж, шийдэл, хэв маяг цаг хугацаа өнгөрөх тутам нүдэн дээр минь илт өөрчлөгдөн байгааг ажиглан харж болно.
Тэвчээртэй байх, аливаа зүйлийг эхлүүлэх, эхлүүлснээ дуусгаж сурах хэвшилд хүүхдүүдийг уран зураг л сургадаг. Бас эмх цэгцтэй байхад, бие биедээ тусалж, хайрлаж энэрч байх хэвшилд ч сургана. Олон олон уран бүтээл хийх тусмаа хүүхдүүдийн “нүд нь нээгдэж”, аливаа зүйлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч чаддаг тийм л чадварыг тэд олж авдаг. Үүгээрээ тэд бусдаас ялгаатай.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.