Мэдлэгийнхээ үнэ цэнийг мэдэрч, амжилттай хэрэглэж байгаа бол та сайн боловсрол олсны шинж

Боловсролын    салбартаа    Математик сонгоны     Батсайхан багш хэмээн  хүндлэгдэх,  хийсэн  бүтээсэн бүхнээс нь  хүүхдийг  гэсэн  сэтгэл   үнэртэх   энэ эрхэм бол Ерөнхий  боловсролын   “Оюунлаг” сургуулийн ерөнхий    захирал  Д.Батсайхан    билээ.  

Түүнтэй   сүүлийн   үеийн   боловсролын  чиг  хандлага, өөрчлөлт шинэчлэлийн    төлөө     хийж  буй  ажлынх  нь талаар цөөн  хором  ярилцсанаа толилуулж байна.

Саяхан “Bloomberg TV Mongolia”  сувгаар Оюунлаг дунд сургуулийн   талаарх  сонирхолтой нэвтрүүлэг гарч  сошиал орчинд олон хүмүүсийн хандалтыг авч буйг хараад  шинэчлэл өөрчлөлтийн төлөө тэмүүлж буй ийм сургууль олон болоосой гэсэн  сэтгэгдэл төрж билээ. Мөн тантай ярилцахад л “манай залуус манай баг” гэж их ярих юм аа.

-Тийм шүү. Би ганцаар юу хийж чадах билээ. Харин хамтарч  хийвэл шийдэл гарц нь, бүтээмж нь өндөр  байна шүү дээ. Нөгөө талаас дээд үе нь доод үеэ  одоогийн залуус тэгэж ингэж чадахгүй бидний үед ингэдэг байлаа гэж их ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Харин ч дараа үе нь өмнөх үеэсээ заавал илүү байдаг хүн төрөлхтний  тогтсон амьдралын үнэн байсаар байхад хэн хэнтэйгээ мэтгэлцэх шаардлагагүй  биз дээ. Ийм ч учраас сургуульд маань шинэ цаг үеийн эрдэмлэг, оюунлаг, хийж бүтээх хүсэлтэй, чадварлаг залуусын  эрч хүчтэй баг бүрдэж байна. Энэ бол Оюунлаг сургуулийн өнгөтэй өөдтэй явах,шинэчлэлт өөрчлөлтийн маань гол тулах цэг  болж байна. Тэднийг бодлогоор зангидаж ажиллах боломж нөхцөлөөр нь сайн хангаж дэмжиж тусалж, чиглүүлж ажиллах нь хамгийн чухал хүчин зүйл. Манай баг хамт олон  юуны өмнө олон улсын боловсролын хөгжлийн чиг хандлага аль зүгт ямар төвшинд явж байна, түүнээс хэрхэн суралцаж хамтдаа хөгжих бололцоо байгаад гол анхаарлаа хандуулж  ирлээ. Тухайлбал, Дэлхийн төвшингийн боловсролын өнгийг тодорхойлж байгаа Европын холбоо, Австрали, Сингапур, АНУ, Солонгос, Хятад улсын боловсролын сургалт судалгааны байгууллагууд, эрдэм шинжилгээний институт зарим холбоодын гишүүнчлэлд элсэж гаргасан зөвлөмж ,чиглэл, хөтөлбөр, туршлагыг судалж суралцаж байна. Энэ л бидэнд үнэхээрийн оюуны болон  арга зүйн том хөрөнгө оруулалт болж байна.

-Тодруулбал боловсролын үйлчилгээ, чанар, хүртээмжээ дээшлүүлэхийн тулд өөрчлөлт шинэчлэлийн чиглэлээр ямар бодлогыг  явуулж байгаагаа танилцуулна уу?

Тоон мэдээлэл дээр суурилсан техник технологийн  ухаалаг хэрэглээ өнөөдөр бидний өдөр тутмын амьдралын энгийн хэрэглээ болон хувирч буйг бид алхам тутамдаа харж байна. Технологийн дэвшил нь боловсролын аль ч төвшинд үзэл бодол, гүйцэтгэх чиг үүргийн болон суралцах хандлага, агуулга аргазүй гээд өөрчилж шинэчилэх шаардлагатай олон хүчин зүйлүүдийн жагсаалт хэдийнээ  бий болоод байна.

Ийм ч учраас тус сургуулийн хувьд юуны өмнө  үндсэн суурь программ хангамж,дотоод  сүлжээ,дата сервир,анги танхим бүрийг ухаалаг цахим шийдлийн орчинг үүсгэх зэрэг үндсэн суурь асуудалдаа ач холбогдол өглөө.Мөн үүний зэрэгцээ боловсон хүчний чадавхижуулалт,сургалтын бодлого болон агуулга арга зүйн өөрчлөлтийн чиглэлээр   “Оyunlag school innovation” төслийг  “ гурав дахь жилдээ  амжилттай явуулж байна.

Ер нь аливаа асуудлыг цогцоор нь нэг нь нөгөөдөө хам шинжээрээ нөлөөлдөг гэдэг утгаар нь бүхэл бүтэн тогтолцооны үүднээс хандах  хэрэгтэй  байдаг. Бидний хувьд энэ чиг шугамыг барихыг хичээж байна. Энэ утгаараа математик физик хими газарзүйн хичээл сургалтыг олон улсын жишиг төвшинд хүргэх зорилгоор “Singapore  education innovation” төслийг 4 жилийн хугацаанд гүйцэтгэж үр дүнгээ үзэж эхэллээ. Нийгмийн ухааны хичээлийн чинглэлээр “ОБСТ” төсөл болон ажлын бүтээмжийг дээшлүүлэх “5С” цогц хөтөлбөр, сурагч бүрийн төрөлхийн байгалийн өгөгдлийн судалгаа “Reasarch student”   зэрэг нийт  8 төсөл хөтөлбөрийг өөрсдийн санхүүжилтээр босгон хэрэгжүүлж байна.

-Сургууль боловсролын үйлчилгээг зайлшгүй  шинэчлэх шаардлага хэрэгцээ байгаа гэдгийг  та юу гэж дүгнэж хэлэх вэ?

-Мэдээллийн технологийн хөгжлийн эрин үед амьдарч ажиллах хүүхэд багачуудад  зориулсан боловсролын үйлчилгээг  өгч байгаа гэдэг утгаараа 18-р зууны үеийн  сургалтын систем зохион байгуулалтаар, 19-р зууны үеийн сургалтын агуулга, хөтөлбөр,  судлагдахуунаар, 20-р зууны үеийн үнэлгээ, аргазүйгээр үйлчилгээ үзүүлсээр байж болохгүй биз дээ. Тэд чинь ирээдүйн хөгжлийн шинэ эрин үед амьдрах  төрөлхийн өөр чадамж, эрэлт хэрэгцээ сонирхолтой. Аливаа  сургалтын агуулга нь өөрөө  элемантарчилал, интеграц ,прагматик, динамик шинж дээр  суурилсан хэрэглээг хүсэмжилдэг үеийнхэн шүү дээ. Нөгөө талаас  технологийн хэрэглээ нь энгийн зүйл болсон  “Z-зэт” болон  “Альфа” үеийнхэнд бид боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Ийм ч учраас  хүссэн ч үл хүссэн ч бид  тухайн үеийн эрэлт хэрэгцээг нь хүлээн зөвшөөрч суралцах нөхцөл боломжоор нь хангах үүрэгтэй. Бид ингэж л өөрсдөөсөө энэхүү өөрчлөлт шийнэчлэлийг эхлэх ёстой гэж ойлгож байна. Мөн сургалтын бодлого чиглэл, агуулга, аргазүй, орчин нөхцөл, хандлага бүхий л зүйлийг боловсрол хөгжсөн улс орнуудын жишгийг баримталж явуулснаар алдах зүйл бидэнд байхгүй гэдгийг онцолмоор байна.

-Тэгэхээр Монголын Их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд  боловсролын сүүлийн үеийн ололт гэж хэлж болох  STEAM сургалтын талаар ямар хандлагатай байна вэ?

-Энэ чиглэлээр Монголын боловсролын салбарт  ойлголт бага Их, Дээд  сургуулиудын дэргэдэх болон Боловсрол Судалгааны хүрээлэнгүүд энэ чиглэлээр  ямар ч судалгаа шинжилгээ явуулах санхүүгийн болон мэргэшсэн боловсон хүчний боломж гарц нь нээгдээгүй байна шүү дээ. Иймээс дээрх байгууллагууд уламжлалт судалгааныхаа чиглэлийг өргөтгөж шинэчлэхгүй бол цаг үеийнхээ өмнө биш хойноос дагалдагч болж байгаа дүр зураг харагдаж л байна. Тэд боловсролын бодлогыг тодорхойлоход туслах биш харин суралцагчийн статустай явж байна. Энэ л хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн асуудал учраас тусгай бодлого хөрөнгө оруулалт эн тэргүүнд хэрэгтэй байгаа юм даа. Гэтэл бид үзэл бодлоо өөрчлөх нь битгтй хэл, хуучин агуулгаа нэмж хассан, хичээлийн тоог өсгөн олшруулсан, сургуулийн үйлчилгээнд хамааралгүй нийгэм гэр бүлийн  ажил үүргийг өөртөө үүрсэн гаж тогтолцоо улам бүр лавшраад л байна.

-Танай сургуулийн хувьд  STEAM сургалтыг сургалтынхаа хөтөлбөрт оруулаад явах эрх зүйн боломж  бололцоо хэр байдаг вэ?

-Улсын хэмжээнд мөрдөгдөж буй сургалтын хөтөлбөр болон эрх зүйн бичиг баримтад одоогоор энэ талаар тусгагдаж хичээл сургалтыг албан ёсоор хөтлөн явуулах боломжгүй л дээ. Энэхүү сургалтын технологи нь нас залуу, төдийлөн өндөр төвшинд судлагдаж амжаагүй, мэргэжлийн  тусгай бэлтгэгдсэн боловсон хүчин дутагдалтай байна. Гэсэн  хэдий ч олон улсын мэргэжил нэгт чиглүүлэгч, зөвлөгч, хамтран ажиллагсад алхам тутамд байна. Өнөөдөр чинь дэлхий хавтгайрч даяаршсан, хил хязгаар үгүй болсон мэдээллийн технологийн шинэ эрин үед бид амьдарч байгаа шүү дээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа ч мэргэжлийн болон хяналтын байгууллагуудын дарамт шахалт, утга учиргүй  дүрэм журмаар сүрдүүлэх нь амьдралд байдаг л зүйл. Хувийн сургууль учраас өөрийн сургуулийнхаа сургалт хүмүүжлийн ажлын бодлого чиглэлийг бид өөрсдөө төлөвлөж, өнгө төрхийг нь тодорхойлж байгаагийн хувьд давуу талтай. Зөвхөн Монголынхоо, хонхорынхоо гэсэн үзэл бодол, туршлага мэдлэгээр хол явахгүй. Олон улсын  чиг хандлагатай уялдуулж  туршилгаас  нь суралцаж амжилт өөд тэмүүлэх нь   ирээдүйн эрэлт хэрэгцээг хангахад  сайнг нөлөө үзүүлнэ  гэсэн итгэл үнэмшил байгаа учраас зүтгэж л явна.

-Оюунлаг сургуулийн сургалтын чиг шугам  олон улсын чиг хандлагыг 100 хувь  барьж явдаг гэж ойлгож болох уу?

-Уучлаарай 100 хувь гэж хэт хэлбийлгэж болохгүй л дээ. Би танд энэ богино хугацаанд бүх зүйлээ бүрэн дүүрэн ойлгуулж чадсангүй. Оюунлаг сургууль бол Монголын хувийн дунд сургууль учраас энэ улсынхаа сургалтын хөтөлбөр стандартыг  үзэж судлах  үүрэгтэй байдаг. Нөгөө талаас сургалтын агуулга хөтөлбөрөө төгс төгөлдөр болгоход дэлхийн чиг хандлагаас суралцах боломж нээлттэй. Мөн  дэвшилтэт техник технологиор дэмжиж байж бид өнөө цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадна гэж ойлгож байна. Иймээс л  бодлого нь үргэлж өөрчлөгдөж агуулга нь тогтворгүй, гүйцэтгэх арга механизм муутай галт тэргээр бид хол явахгүй нь тодорхой.

Өнөөдөр боловсролын салбар ийм л өнгө төрхтэй байна. Ийм л нөхцөл байдлаас  бага ч болов хөндийрч урагш алхахын тулд  судалгааны  байгууллагуудын ажлын үр дүнд бий болж амьдралд туршигдсан, зохих зөвлөмжүүд нь гарч сургуулийн практикт ашиглаж байна. Ийм л шаардлага хангасан бүтцийг сургалтанд нэвтрүүлэх   гэж зүтгэж явна. Аливаа шинэ зүйлийг хийгээд эхэлэхээр шүүмжилэгчид олширч, ямар нэгэн болж бүтэхгүй шалтгаан хайсан ухаантнууд хэтэрхий олон болжээ. Ийм  өнгө төрх манай нийгэмд  зонхилдог нь нууц биш шүү дээ. Ухаантнууд боломжийг нээдэг, ухаалгууд нь боломжийг ашигладаг, сайчууд боломжийг хүлээдэг, дундчууд боломжийг алддаг гэдэг бил үү.

-Тийм шүү. Нөгөө талаас сургуулийн сургалтын агуулга, аргазүй, сурагчдын суралцах  чиг хандлага хөгжлийнхөө  аясаар өөрчилөгдөн хувьсч байгаагийн нэг илрэл нь STEAM сургалт байх. Энэ талаар та санал бодлоо хэлнэ үү?

-Өмнөх үед байсан мэдлэг одоо цагийн мэдлэгийн тогтолцоо хандлага их өөр болсон. Өөрөөр хэлбэл олон шинжлэх ухааны салбаруудын хатуу тогтсон хил хязгаар цагийн эрхээр улам бүр бүдгэрч арчигдах хандлагатай боллоо. Тэдгээрийн судлагдахууны уулзвар хэсгийн нийлмэл  байх шинж чанараар  тодорхойлогдож байна.Олон төрөл хичээл биш,  цомхон  цөөн тооны хичээлүүд бий  болгох чиглэлээр Австрали, Солонгос улсууд өндөр төвшний судалгаа туршилтууд явагдаж үр дүнд хүрч эхэллээ. Түүний тод жишээ нь STEAM  гэж нэрлэгдэх сургалт билээ. Энэ нь  хэт онолын хэрэглэж ашиглаж болдоггүй царцанга мэдлэг биш харин салбар хоорондын мэдлэгүүдийн хоорондын шүтэлцээ, уялдаа холбоо, учир шалтгаанаар  бодит  ойлголт мэдлэг бий болдог.

Математик тооцоолол статистикаар хэмжигддэг. Хийж бүтээх явцдаа инженерийн ажлын эв дүйд суралцдаг.Өнгө үзэмж,зураг дүрслэл,уран сэтгэмжээр бодитой бүтээл төрж гарахыг сургалт гэж ойлгож болно. Энэхүү цогц ажлын явцад үр өгөөжтэй хэрэгцээт мэдлэг өгөгдөхийн зэрэгцээ судалдаг, төлөвлөдөг, хийж бүтээх эв дүй, ур чадвар бүрэлдэн бий болно гэсэн үг. Үүнийг л мэдлэг үнэ цэнэтэй байх, одоо ба ирээдүй цагийн суралцахуйн мөн чанар гэж ойлгож байна. Энэ үзэл баримтлалын гол илэрхийлэл нь STEAM сургалт гэж хэлж болно.

-Та бүхэн  STEAM сургалтынхаа хэрэглэгдэхүүнийг аль улсаас сонгон хэрэглэж байгаа вэ?

2017 оноос эхлэн сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүн, техник технологи, физик байгалийн шинжлэлийн  үндсэн ойлголт  агуулга, электроник, кодчилол, программчлалын асуудал бүрэн шаталбартай байх гэх мэт олон шаардлага тавьж байж 10 гаруй сонголтоос Солонгос улсын Сөүлийн Их сургуулийн дэргэд дэх “STEAM” Боловсролын Сургалт судалгааны төвийн 1-12-р ангийн иж бүрэн хэрэглэгдэхүүн, хөтөлбөр,арга зүйн материалын хамт авч сургалтандаа хэрэглэж байна.

Мөн Герман улсын Fisher tehk-ийн 10 төрөл, Австрали  улсын кодчилол роботын   сургалтын хэрэглэгдэхүүнээр үндсэн  баазаа өргөтгөсөн. Цаашдаа ч   I-STEAM болон STREAM сургалтын чиглэлээр ч хөрөнгө оруулалтыг оруулж өөрийн сургуулийн иж бүрэн хөтөлбөр, сурах бичигтэй  болохоор төлөвлөж байна.

-Зөвхөн “STEAM” гэснээс бусад өөр хандлага, хөгжүүлэлт байдаг талаар дурьдлаа. Энэ талаар тодруулна уу?

-Олон улсын дунд сургуулиудад 1970-аад оны үед хичээл хоорондын холбоо, 1980-аад оны үед мэргэжлийн чиг баримжаа олгох, 1990-ээд онд физик,хими,газарзүйн хичээлүүдийн агуулгыг нэгтгэн Байгалийн шинжлэл гэсэн нэршлээр, 2000-аад онд STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн нэгдмэл судлагдахуун гэсэн үзэл баримтлалаар  үзэж ирсэн. Харин өнөөдөр боловсрол хөгжсөн улс орнууд энэхүү үзэл баримтлалдаа шүүмжлэлтэй хандаж 2010-аад оноос  STEAM буюу  A-г нэмж  урлаг, дизайн,  зураг зүй, загварчлал гэсэн өнгө аясыг оруулж байж инженерчлэлийн  шийдэл бүхий төгс бүтээл болно гэсэн хувиргалт явагдлаа.

Одоо Канад болон Англи улсууд  STREAM буюу R-г оруулж судлагдах ёстой онолын агуулгууд,мэдлэгийг уншиж судлах, баталгаатай тайлбар яриа гэсэн утгаар нь туршиж байна.

Израль улс I-STEAM буюу инноваци  хувиргалт, өөрчлөлт, шинэчлэл гэсэн утгаар нь нэмэлт функцууд оруулж шинэчлэлийн хөтөлбөрийг туршиж улсынхаа хэмжээнд нэвтрүүлж эхэллээ.Тэд сургалтын төвүүдийг олноор байгуулж сургалтынхаа бодлогод дараах үндсэн чигийг барьж  байна.Хүүхэд ямар мэдлэгийн багтаамжтай,багаж хэрэглэгдэхүүнтэй байна асуудалд тийм л төрхөөр хандана.Үйл ажиллагааны ямар дадал хэвшилтэй байна тэр хэмжээгээрээ хийж бүтээнэ.Хэрэгцээгээ мэдрээгүй хүнийг сургахад хэцүү адармаатай.Тэдэнд хэрэгцээ үүсгэсэн шаардлагатай зүйлийг нь зааж сургахад хялбар байх болно гэсэн сургалтын дидактикийн амин шаардлага технологио тодорхойлж байна.Миний хувьд бодоход энэ бол яах аргагүй үнэн ер нь хүнд шийдвэрлэх асуудал үүссэн үед л бодож тунгааж хийх аргаа хайж  эхэлдэг шүү дээ.Ингэж л хөгжилтэй улс орнууд ирээдүйн сургалтынхаа мөн чанар, утга учрыг  оновчтой тодорхойлж хөгжлийн чиг хандлага бүхий үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

-“STEAM” сургалтанд  зөвхөн физик, технологи, инженерчлэл, урлаг, математик гэсэн  үндсэн ойлголтын хүрээнд хязгаарлагдах уу?

-Энэ сургалтын угшил санаа нь дунд сургуульд эмч болохыг зорьж буй хүүхдэд  хими-физик, биологи,энэ чиглэлийн инженерчлэл,мэдээллийн технологийн үндсэн  суурь мэдлэг,хандлагыг сургалтаар олгоно гэсэн санаа. Өөрөөр хэлбэл инженер нь барилга,зурагзүй,техник,усан хангамж,геологи гэх мэт аль чиглэл вэ гэдгээс хамаарч ямар хэрэгцээ сонирхол, шаардлага байна түүнд нь чиглэсэн өөр өөр бүтэцтэй нийлмэл хандлагатай сургалт гэж ойлгож болно. Гэхдээ өнөөдөр ингэж нарийсч төгөлдөршсөн сургалтын агуулга аргазүй  бүрэн цогцоороо бий болоогүй байна. Энэ бол удахгүй боловсролын  маш ойрхны ирээдүй л дээ. Өнөөдөр хүн төрөлхтний бий болгосон судалж буй сансрын технологи,энерги ба орчны технологи, мэдээллийн технологи, кибер технологи,нано технологи гээд эдгээр салбаруудын мэдлэг дунд сургууль, их дээд сургуулийн агуулгад улам бүр өндөр төвшинд тусгалаараа буух байх.Энэ бол хөгжлийн жам  шүү дээ.

-Энэхүү сургалтын талаар сурагчдад өгөх боловсрол хүмүүжлийн  үр өгөөж ач холбогдол нь юу вэ?

-Би  өмнө нь ихэвчлэн мэдлэг ойлголт талаас нь ярилаа. Харин хүүхдэд  нөлөөлөх хүмүүжил төлөвшлийн хүчин зүйлийн талаас нь авч үзвэл STEAM  чиглэлтэй сургалтын гол үзэл баримтлалд хүний зөв хэрэглээнд нийцсэн, ээлтэй байх, байгаль экологид хор хөнөөлгүй байх, хамтын бүтээлч үйлээр дамжуулан амьд харилцааг дэмжсэн байх гээд  хүмүүжил  хандлагын агуулгыг эн тэргүүнд авч үзэхийг зөвлөж байгаа. Ийм ч учраас  мэдлэгээ зөв ашиглах  гэсэн хандлагыг сургалтын явцад олгож зөв төлөвшүүлэхэд голлон анхаарч байгааг онцлох хэрэгтэйг судалгааны байгууллагууд анхааруулж байна. Нөгөө талаас уг сургалт нь өөрөө ТӨСӨЛ-д  тулгуурлаж  өгөгддөг учраас  хийх ажлын  зорилго тодорхой  бүтээлчээр хандах боломж ихтэй байдаг.

Хийх ажлаа төлөвлөх,гүйцэтгэх,үнэлэх,өөрийн байр сууриа таньж бусдыг ойлгоход суралцаж байна. Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж нээлттэй  болоход нь  дэм болж байна.Бодитойгоор хийж буй зүйлээ урлаг дизайнтай холбож өнгө үзэмж, зориулалт, аюулгүй  байдлын талаар  үзэж урлагийн мэдрэмжийг нь дэмжихэд тусалж байна.

Бүтээх явцад зарим нэгэн зүйлийг өөрчилснөөс үүдэн гарах үр дагавар хувиргалт өөрчлөлт зэрэг бүтээлч чадваруудыг дэмждэг.Улмаар шинжлэх ухаан салбар хоорондын мэдлэгүүдийг бодитоор  ухаарч ойлгох статистик,дүн шинжилгээ хийх математик чадвар ,программ хангамжийн талаарх мэдлэгийг өгч байна гэх зэргээр олон хүчин зүйлийг дурьдаж болно.  Дээр дурьдсан үйл ажиллагаагаар дамжин хүүхэд бүрд хүмүүжил, төлөвшил хандлагын олон сайхан чанарыг бий болгож байна шүү дээ.

Дунд сургуульд үздэг  математик, мэдээлэлзүй, хими, физик зэрэг хичээлүүдээр олж буй мэдлэг нь STEAM сургалтыг дэмжиж хүүхдэд үзүүлэх нөлөө их байдаг талаар дурьдлаа. Мэдээлэл зүйн сургалтын  танай сургуулийн бодлогыг сонирхож байна. Нууц биш бол танилцуулж болох уу?

-Нууц гээд байх юм үгүй л дээ. STEAM сургалт нь мэдээлэл зүйн боловсролынхоо үндсэн  суурь ойлголт нь гэдэг утгаар үзэж судална. Ингэж л ул суурьтай,  үржил шимтэй хөрс бий болгож өгөөгүйгээс  боловсролын үр өгөөж мууддаг нэг шалтгаан шүү дээ. STEAM сургалтын нэг гол сэдэв нь кодчилолын суурь ойлголтын тухай  асуудал юм. Код бичиж сурснаар хүүхэд цэгцтэй зөв сэтгэх, асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээтэй болоход томоохон ач холбогдолтой. Тэгэхээр кодчилолд  сурагчдыг системтэйгээр бэлтгэх шаардлага гарч ирж байна. Мэдээлэл зүйн хичээлийн гол зорилго маань сурагчдыг мэдээллийн технологи, алгоритм програмчлалын суурь мэдлэг чадамжтай болгоход  чиглэнэ. Иймээс л  1-3-р ангидаа робот программчлалын анхан шатны  суурь  мэдлэгийг  тоглоомын хэрэглэгдэхүүн дээр блок өрөх замаар  алгоритмын бүтэц, тэмдэглэгээнд суралцана. Улмаар алгортмын тэмдэглэгээ, төрөл, зохиомжийг тоглоомын хэрэглэгдэхүүн   картын тусламжтайгаар   дамжуулан алгоритмын  үндсэн ойлголтыг  бүрэн эзэмшинэ.

4-5-р ангидаа STEAM-ын сургалтаар хичээлийн робот загварын гүйцэтгэх үйлдлийг өөрийн таблет дээрх аппликэйшнээ ашиглан график, блок үйлдлийг үүсгэх кодчилж өгнө. Энэхүү арга нь кодчилолын шатны хэлэнд тайлагдаж, алгоритмаас кодчилох үндсэн арга техникт суралцана

6-р ангидаа STEAM болон өмнөх кодчилолын суурь мэдлэгээ өргөтгөж Scratch программчилал ашиглан өөрсдийн интерактив түүх, хөгжилтэй видео тоглоом, анимейшн бүтээхэд суралцана.

7-р ангидаа аливаа асуудлыг шийдэхийн тулд хамгийн оновчтэй цөөн үйлдлээр хийгдэх аргыг олж тухайн алгоритмыг кодчилох нарийн бүтэцтэй, цаг хугацаа шаардсан үндсэн  агуулга болох алгоритмын блок схем, кодыг тайлж унших, кодчиллоос алдааг олох,компьютр дээр код бичих гэх мэт олон  арга техникт суралцана.

8-р ангиас хүүхдүүд маань  програмчлалын үндсэн хэл болох СИ  хэлийг үзэж улмаар обьект хандалт, вэб технологи түүний текст, хэлбэр зохиомж,өнгө дизайн, өгөгдлийн сан  гэх динамик шинжээр судлан 9-12-р ангидаа прогармчилал тооцооллын  арга барилд суралцана. Мөн цахим сүлжээний болон программчлалын хэлний боловсрол олгох CISCO-ийн албан ёсны сургалтыг ч сонгон суралцах чиглэлээр 10 гаруй хүүхдийг 3 дахь жилдээ үзэж судлуулж байна. Сургалтыг ийм л бүтэцтэй, залгамж холбоотой,олон улсын хандлагаас хоцрохгүйгээр ул суурьтай явуулбал  тохиромжтой санагддаг.

Энэ их зүйлийг үзэж судалж амжих уу. Тоонд тааруухан байсан над шиг хүн сонирхож судлах  боломж хир вэ?

Байлгүй яахав. Сургалтын хөтөлбөр арга зүй нь тодорхой, бусад улс орны хүүхэд багачууд үзэж судлаад байхад манайх яагаад болохгүй гэж. Аливаа зүйлийг болохгүй бүтэхгүй нь гэж шалтгаан тоочоод байвал болж бүтэх юм нэгээхэн ч үгүй. Бид хий хоосон хийрхэж тэмүүлээгүй ийм боломж байгааг олон улсын туршилт, туршилга ,хичээл сургалтанд нэвтрүүлээд үр дүнгээ өгч буй өгөгдлөөс  харж байгаад учир байгаа юм.

Ирээдүйн ямар ч ажил мэргэжлийг  мэдээллийн технологийн,электроникийн,программчлалын суурь мэдлэгүйгээр  эзэмших бололцоо улам  бүр хумигдаж байна. Олон төрлийн ажлын байр үгүй болж байна Энэхүү хөгжлийн түрлэг,далайц  нилээд эрчимжиж байна. Сүх далайтал үхэр амар гэсэн тайвширлаар өнөө цагт амар жимэр байж болохгүй. Мэдлэг утга учиртай,тал бүрийн өгөгдөлтэй, хэрэгцээтэй байж, ашиглаж хэрэглэдэг бол  мэдлэг үнэ цэнэтэй байна, одоо ба ирээдүй цагийн  суралцахуйн мөн чанар энэ гэж ойлгож байна.

Мэдлэг  үнэ цэнэтэй байх чухал зүйл гэж та онцолж байна гэтэл өнөөдөр хүүхдийн  суралцах чадамж,хандлага  чухал гэдгээс  онолын төвшинг буулгах  нөхцөл байдал сургалтанд их ажиглагдах боллоо. Энэ зөв үү?

-Мэдээж буруу л даа. Мэдлэг бол хамгийн үнэ цэнэтэй зүйл, нөгөө талаас оюун ухааныг хөгжүүлэх үйлийн гол хэрэглэгдэхүүн багаж зэвсэг нь  яахын аргагүй мөн.Учир нь агуулгагүйгээр мэдлэгийг эзэмших бололцоо байхгүй. Мэдлэгийг  салбар бүрийн судлагдахуунуудын уялдаа холбоо,прагматик хэрэглээгүйгээр бодитойгоор хэрэглэх боломжгүй. Олон удаагийн давталтгүйгээр чадвар дадал  гэдэг зүйлийг өөрийн болгон эзэмших бололцоо бүр ч  байхгүй. Иймээс л суралцахуйн төвд мэдлэг байдаг. Мэдлэгийг эзэмших явцад  ойлголт  гэдэг зүйл бий болж  улмаар эв дүй  чадвар дадал  цогцлон улмаар хандлагын чигийг  бий болгоход дэм болж  байдаг жам ёсны  тогтолцоо шүү дээ. Тэгэхээр  сургалтын  бодлогод бид ингэж л цогцоор нь хандах учиртай.

Энэхүү цогц гэсэн утга илэрхийллийг STEAM сургалт л одоогоор бүрэн илэрхийлж байна.Иймээс л боловсрол гэдэг тодорхой чиглэл зорилго ,агуулгатай,өөрийн гэсэн өвөрмөц технологитой, менежменттэй шинжлэх ухаан юм шүү дээ.

-Сургуулийн захирал болгон тань шиг аль ч хичээл сургалтаа гарынхаа 10 хуруу шиг мэддэг ирээдүйн хандлагыг нь тодорхойлж залуу багш нараа дэмжиж ажиллавал боловсролын чанар, үйлчилгээний  талаар санаа бага зовох юм шиг санагдлаа.

Миний хувьд арай ахадсан үнэлгээ байна. Би чинь залуучуудаасаа суралцаж тэдний л санал бодол  мөрөөдлийнх нь хүчээр л яваа  жирийн л багш шүү дээ.

-Боловсролын салбарт  өөрчилж шинэчилэх шаардлагатай олон л асуудал байдаг.Таны хувьд тулгамдсан  ямар ямар асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсдэг вэ?

-Тоочоод байвал олон л асуудал байна. Харин хамгийн тулгамдсан өнөө маргаашгүй авч үзмээр хоёр л асуудлыг нэрлэмээр байна.  Эхнийх нь багшийн цалин нийгмийн хангамж. Энэ бол үндсэн суурь хөрс нь шүү дээ. Цалин өндөр бол багшлах боловсон хүчний эрэлт ихэсч хэрэгцээ үүсч, энэ мэргэжлээр чанартай багш нар бий болох өрсөлдөөн бий болно. Өрсөлдөөн дундаас сургалтын үр өгөөж дээшилнэ. Сургалтын чанар хүртээмж нь, багшийн нэр хүнд, үнэлэмж  өндөрсөж боловсролыг үзэх нийгмийн  өнөөгийн өнгө төрх дээд шатанд гарч эхэлнэ. Ингэж л боловсрол нь  улс орны хүчирхэг байх тусгаар тогтнолын баталгаа болж чадна. Төр засгийн бодлогод маань ийм логик байхгүйгээр багшийн шаардлагыг хичнээн өндөрсгөөд  ямар ч хууль, заавар журам гаргаад яах вэ дээ.

Багш нарын   чадвар өгөгдөл, боломжит үнэлгээ нь  нь ийм  байхад боловсролын чанар  өргөс авсан юм шиг сайжрахад их л цаг хугацаа, хөрөнгө хүч зардал гарах байх даа. Дээр дурьдсан асуудлыг шийлвэрлэхэд үндсэн суурь ойлголтыг авч үзэхгүйгээр дундаас  хоёр гурван асуудлыг сугалж шийдвэрлээд  сайн үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Иймээс л багшийн цалин нийгмийн хангамж  гэдэг тулгамдаад байгаа асуудлын суурь  нь шүү дээ.

Дараагийн нэрлэх асуудал бол сургууль бүрт интернетийн тэгш байдал, хүртээмжийг өндөрсгөх, үнэ тарифыг тэглэхэд мөн ч их хэрэгтэй байна. Цахим хэрэглээний соёлыг бий болгох хууль эрх зүйн дүрэм журмаа боловсруулж дагаж мөрдөх шаардлага байна. Сургууль бүрийг цахим ертөнцийн техник технологи, сургалтын хэрэглэгдэхүүнээр бүрэн  хангах нь чухал байна. Багаж хэрэгслэлгүй, ажлын байргүй  хүн хоосон ярихаас өөр юуг хийж чадах билээ. Хоосон мөрөөдөл, хийрхэл яриагаар хол явахгүй нь тодорхой. Боловсролын үзэл баримтлал, шинэ хууль, шинэ стандарт гээд  төрөл бүрийн бичиг баримтууд гараад л байдаг. Энэ бүхэн чинь багажгүй хүнийг ажил хий гэж хоосон зандарсантай адил бус уу.Иймээс  цаг үеэсээ  хоцорч  боломгүй байна. Өнөөдөр Сингапур улс боловсролынхоо салбарт дээрх үндсэн өгөгдлийг бий болгож чадсан учраас   нийгмийнхээ бүх шатанд “Digital readiness blueprint” бодлогын баримтлалаа гаргаж мөрдөж  эхэллээ. Үүнийг ч манай бодлогын яам анхаарах л хэрэгтэй санагддаг.

-Мэдээллийн технологи, STEAM сургалтын хөгжлийн шинэ чиг хандлагын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танд болон танай хамт олонд боловсролын салбарын шинэчлэлт өөрчлөлтийн үргэлжийн түүчээ болж явах болтугай гэсэн ерөөлийг өргөж ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа.

Ярилцсан: О.Шинэтуяа

http://www.zaluu.com/read/4064h75a4?fbclid=IwAR0uBFK4BbCJfOJ2OB2DcbIu7HwSh9FBIHJDiqrNRW8ugfgUtQkMMa-WhjM

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.