活动蒙古语
2016.09.15-09.20-ны хугацаанд Оюунлаг бүрэн дунд сургуулийн 6-17 насны нийт 800 орчим сурагчийг эрүүл мэндийн үзлэгт ха…
本文以蒙古语发布。

2016.09.15-09.20-ны хугацаанд Оюунлаг бүрэн дунд сургуулийн 6-17 насны нийт 800 орчим сурагчийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Бид энэхүү эрүүл мэндийн үзлэгээр сурагчдын бие бялдрын хөгжил болон эрүүл мэндийн байдлыг үнэлсэн юм.
Нийт сурагчдын өндөр, жинг хэмжиж, БЖИ (биеийн жингийн индекс, жин өндрийн харьцаагаар үнэлэгддэг) томъёоллыг ашиглан байх ёстой хэвийн жинг үнэлэхэд сурагчдын 40% хэвийн жинтэй, 27% жин багатай, 2% туранхай, 13,4% илүүдэл жинтэй, 13,4% таргалалттай байлаа. Насны хувьд ангилан үзвэл 7 (16,7%), 8 (19.8%), 9 (18.4%) насанд таргалалт хамгийн их, харин ахлах ангиудад таргалалтын хэмжээ буурч хэвийн жинтэй сурагчдын тоо ихэсч байна (Зураг 2). Сурагчдын биеийн жингийн индексийг харьцуулсан үр дүнг зураг 1, 2-оор харуулав.
Сурагчдын зовиур, өгүүлэмж, арьс салст, ам хамрын хөндийн үзлэг, амин чухал үзүүлэлтүүдэд тулгуурлан (Шаардлагатай тохиолдолд бусад нарийн үзлэгүүдийг хийсэн.) эрүүл мэндийн үзлэгийг хийхэд үзлэгт хамрагдсан сурагчдын 281 (36.7%) нь эрүүл байлаа. Сурагчдад зонхилон тохиолдож буй өвчлөлүүд нь шүд цоорох өвчин 347 (45.4%), гүйлсэн булчирхайн үрэвсэл 131 (17.1%), ханиад шуухниа 59 (7.7%) байсныг зураг 3-т анги тус бүрээр дэлгэрүүлэн харууллаа.
Дүгнэлт
Эрүүл мэндийн үзлэгээр сурагчдын 30 гаруй хувь нь жингийн илүүдэлтэй, харин 29% нь хэвийн хэмжээнээс бага жинтэй байна. Хүүхдүүдэд эрүүл хоол идэж, дасгал хөдөлгөөн сайн хийж, биеийн тамирын хичээлд идэвхтэй оролцох нь чухал юм. Харин сурагчдын дунд хоолой залгиур, гүйлсэн булчирхайн үрэвсэл, ханиад шуухниа элбэг байгаа нь улирлын байдалтай холбоотой байж болох ч хүүхэд бүр хувийн ариун цэвэр сахиж, нойр болон хоолны зөв дэглэмд хэвшсэнээр дархлаагаа сайжруулж өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Мөн шүдний өвчлөл бага ангиудад тохиолдол хамгийн их байгаа нь хүүхдийн хооллолт, шүдээ хэрхэн угааж арчлах талаар хангалттай сайн мэдэхгүй байгаатай холбоотой байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ шүдээ хэрхэн угааж байгаад анхаарал хандуулж байх хэрэгтэй.
Эрүүл мэндийн үзлэг хийх үеэр эрүүл зөв хооллох, ханиад томуунаас сэргийлэх, шүдээ зөв угаах, батга өвчнөөс сэргийлэх тухай 4 төрлийн зөвлөмжийг хэвлэн сурагчдад өгсөн бөгөөд эцэг эхчүүд хамт уншиж танилцахыг зөвлөж байна.
Тайлан бичсэн сургуулийн эмч: Б.Лхамдарь