“НОМЫН АНД” АЯН Эцэг эхчүүдэд зориулсан сурган хүмүүжүүлэх хичээл-2

“НОМЫН АНД” АЯН Эцэг эхчүүдэд зориулсан сурган хүмүүжүүлэх хичээл-2
НОМ УНШИХ ТАЛААР ГАРГАСАН
СУДАЛГАА ЮУ ӨГҮҮЛЖ БАЙНА ВЭ
Хүүхдүүд үсэг авиагаа олон удаагийн идэвхитэй давталт багш эцэг эхийн урам ,шаардлагын хүчинд өөртөө хоногшуулж унших анхан шатны чадварт суралцаж эхэлдэг. Энэ үеэс л уншилгын хурдыг ихэсгэх ,ойлгож унших арга ажилбарт нилээд цагийг зарцуулна. Ийм л урт удаан хугацааны явцад уншиж бичиж сурах эхний үеийн чадварт суралцдаг.
Уншилгын хурд хамгийн багадаа нэг минутанд 50 үгнээс багагүй байх үеэс уншсан зүйлийнхээ утга санааг анхаарах , үг өгүүлбэрийн хоорондын утга авцалдааг ойлгох боломж бүрдэж эхэлнэ. Хүүхдэд өөрт нь сонирхолтой унших бага зэргийн арга техникт суралцаж,уншилгын хурд нь их байх тусам илүү унших дуртай болдог. Дуртай болох тусам илүү их дотоод сэтгэлийн мэдрэмжтэй,оюун ухааны элдэв нарийн холбоос ухааныг мэдрэх чадварт сурдаг. Унших дуртай болох нь нэг үгээр сурах дуртай болно гэсэн үг. Гэхдээ зөвхөн хичээлийн стандарт эзэмшүүлэх номыг голчлон авч үзээд байвал дургүй ламд дарж байгаад сахил хүртээхийн адил болохыг анхаарах нь чухал.
Сүүлийн үеийн “Micro skills” байгууллагын судалгаагаар
1.Ном уншдаг хүүхдүүд:
-Үгийн баялагтай,ярьж хэлэх нь цэгцтэй
-Бодож тунгаах,сонсох,сэтгэх чадвар нь хөгжсөн
-Уншаад шинэ зүйл мэдэх тусам өөрт нь сонирхолтой ,уншиж судлах
-Эрмэлзэлтэй болох нь ажиглагдсан байна.
2.Хүүхдүүд яагаад бага уншиж байна вэ. судалгаагаар ном уншихгүй байгаа шалтгаан нь:
- Ном унших хэрэгцээ, ач холбогдлыг сайн ойлгоогүй 48.8%
-Унших арга барил дадалд сайн суралцаагүй 56.4%
-Интернет,зурагтаас авах мэдээлэл нь хүүхдэд илүү сонирхолтой байгаагаас 67.5%
-Сонирхолтой ном олон биш 70.2%
-Хангалттай зав гаргаж чаддаггүй 26.6%
-Танай гэрт номын сан байдаг уу. Тийм 18.5%
-Аав ээж тань номын дэлгүүрт чамайг дагуулж очдог уу. Тийм 6.4%
-Ном өндөр үнэтэй 4.6%
-Хичээлээс болоод ном уншиж чаддаггүй 23.4%
-Бусад шалтгаан 6.7%
Эндээс харвал хүүхдүүдийн ном унших төвшин доод хэмжээнд очсон 3 том шалтгаан нь ном унших анхан шатны чадварыг эзэмшээгүй,ном унших эрмэлзлэлийг орчинд нь бүрдүүлээгүй,зурагт компьютр,янз бүрийн эрээн мэдээллийг илүү ихээр шохоорхох үзэгдэл давамгайлсан, аав ээжийн зүгээс номыг үнэлэх үнэлэмж тааруу, хүүхдэдээ номын талаар бага таниулдаг, уншихын тулд өөрөө өөрийнхөө цагаас хулгай хийх сонирхолгүй байх зэргээс үүдэлтэй болж байгааг төвөгггүй харж болно. Эдгээр буруу ойлголт гэр орон ,сургууль,ахуй орчинд нь байгаа учраас хүүхдүүд унших гэдгээс хол хөндий болж байна. Энэ бол хэн ч маргахгүй үнэн.
3.Ном унших бидний өнөөгийн байдал
АНУ-д жилд 72500 ном хэвлэгддэг байхад
ОХУ-д 58000 ном
Японд 42000 ном
Францад 27000 ном
Харин манай Монгол улсад сурах бичгийг оруулахгүйгээр 28-46 орчим ном хүүхдийн гар дээр ирдэг байна. Энэхүү тоог харахад л хүүхдийнхээ төлөө бид номын талаар ямар төвшингийн бодлого явуулж байна,тэднийг ном үзэж сонирхохгүй байна гэж зэмлэхэд хэцүү л байна.
Дэлхийн хүүхдүүдийн сонирхолтой номын түүвэрт комик төрлийн ,нас насны ангилалд зорулагдсан богино хэмжээний уншвар зураг өгөгдөл сонирхол татахауйц ,адал явдал уран зөгнөлт тусгай судалгаанд суурилагдан зохиогдсон номууд гарах болжээ. Иймээс ч номын талаарх гадаадынхны үнэлэмж дээр төвшинд байгааг төвөггүй харж болно.
4.Дэлхийн хүмүүс номонд хэдэн төгрөг зарцуулдаг вэ.
Харин Норвегид нэг хүн жилд номонд 140 доллар зарцуулдаг байхад
Швейцарт 120 доллар
Италид 84 доллар
Япон хүн 150 доллар харин манай монголчууд хэдэн төгрөг зарцуулдаг бол…
Манай нийслэл хотод 500 орчим бар,кафе,цайны газар,300 гаруй архи дарс зардаг цэгүүд,40 гаруй диско клубууд,нууцаар ажилладаг мөрийтэй тоглоомын газрууд,харин номын дэлгүүр 4 байна шүү дээ. Дээрх байдлаас харахад Улаанбаатарт бүх юм байна.Гэвч хүүхдийн номын дэлгүүр ховор байна.Учир нь номыг дээдэлдэг,шүтдэг үзэж судалдаг, уншдаг хүн ховорджээ.
ХҮҮХДИЙГ НОМ УРУУ ХЭРХЭН ЧИГЛҮҮЛЭХ ВЭ
Хүүхдэд сургаалаас илүү биеээр үлгэрлэх бодит жишээ хэрэгтэй. Тэд эцэг эх багш нарын гарт ном байгааг харах ёстой.Өөрөө ном уншихгүй мөртлөө хүүхдээ ном уншуулах гэж оролдох нэг л сонин биз дээ.Иймээс дараах санаануудыг хэрэглээд үзээрэй.
1.Сургуульдаа ч гэртээ ч өөрийн дуртай олон номоор номын сан байгуулж ,сонирхолтой болгох ёстой. Хүүхэд номтой нөхөрлөснөөр судлах,бүтээх,бусадтай саналаа солилцох,дотоод сэтгэлдээ бодох бясалгах зэргээр зориудын бус сэтгэлгээний дасгалыг байнга хийж байдаг онцлогтой юм шүү.
2. Хүүхдэд зориулж тусгай унших цаг гарга. Тухайн цагт тэнд байгаа бүх хүн ном унших хэрэгтэй. Үнэхээрийн үүнийг чин санаанаасаа зохион байгуулбал унших дадлыг хөгжүүлэхэд маш таатай орчин бүрдэх болно. Бид ингэж үлгэрлэж үзүүлэх нь хий хоосон шаардлага тавьснаас илүү үр өгөөжтэй байх болно.
3. Хүүхэдтэйгээ дэлгүүрт орохдоо эхлээд номын тасагт үргэлж эхэлж очиж бай, олон сайхан номыг үзэж эргүүлж үзээрэй. Хүүхэд тань тантай эн зэрэгцэн сонирхоод л эхлэх байх шүү. Номонд битгий үнэ хайрла. Идээд цадахгүй эрээн чихэрт өгдөг мөнгөө номонд яагаад зарцуулж болохгүй гэж…
4. Хүүхдийн нас биед нь тохируулж ном сонгон уншуулах хэрэгтэй. Тэдний сонирхлын дагуу номыг өгөх нь хүүхдүүдийн номонд дурлаж уншихыг илүү болгодог. Нэг хоёрдугаар ангидаа хүүхдүүд амьтны тухай үлгэрүүд,хүүхэд амьтан хоёр нөхөрлөсөн тухай өгүүллэг тууж,гуравдугаар ангидаа баатарлаг адал явдалт зохиолууд,дөрөв тавдугаар ангидаа баатарлаг үйлсийн тухай зохиолуудыг ихэвчлэн сонгон уншдаг.
Уншуулах ном нь эхний үед олон зурагтай,бага үйл явдалтай,үг өгүүлбэрийн тоо цөөхөн байх нь хэрэгтэй.
5. Унших цаг зав алга гэж хүмүүс ярьдаг. Тэд өөрсдийгөө хуурч байгаа юм. Хаана ч хэзээ ч ямар ч орчин нөхцөлд ном уншиж болно.
6.Хүүдэд зориулж ном уншиж өгөхдөө сонирхол татахуйц үйл хөдөлгөөн хийж ,дуугаа өндөр нам болгон инээдэмтэй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жүжиглэж унших нь ашигтай байж болно.
ХЭРХЭН НОМ УНШИХ ВЭ.
1 .Номыг өөртөө чимээгүй байдлаар унших нь чанга уншихаас дахин хурдан байдаг. Иймээс ч уншиж буй үгээ амандаа хэлэлгүйгээр нүднийхээ хараагаар уншиж утгыг нь ойлгож сурах дасгалыг байнга хийгээрэй. Номынхоо үг өгүүлбэрийг ингэж уншина шүү.
2.Нэг мөсөн бүгдийг унших гэж бүү яараарай. Бага ч болов 20 минут хугацаатай унш. Уншиж буй үедээ юуны тухай өгүүлж буйг үргэлж санаж унших нь чухал шүү. Уншиж эхэлснээ дутуу орхих,алгасан унших,уншиж байхдаа тэс өөр зүйлийн тухай бодох,зурагт үзэх зэргээр өөрийн бодлыг өөр зүгт хандуулахгүй байх ёстой. Энэхүү санамж та нарын аав ээж,багш нарын чинь үргэлж л хэлж байдаг зүйл байгаа биз.
3.Уншсан зүйлийнхээ талаар найз нөхөд,аав ээждээ үргэлж ярьж өгч бай. Чөлөөт цагаараа уншсан зүйлийнхээ талаар ямар үйл явдлууд боллоо гэдгээ эргэн бодож байгаарай.
4.Уншиж байхдаа өөрт таалагдсан учрыг нь олох гэсэн зүйлээ дахин дахин эргэн уншиж болно. Гол зүйлийг өнгийн харандаагаар тэмдэглэж хэзээ нэгэн цагт эргэн харах үзэх үед чинь тус болж болно. Ойлгоогүй зүйлээ тусгай тэмдгээр тэмдэглэж болно. Ингэж л бүтээлчээр уншиж сурах нь хамгийн чухал шүү.
5.Өөрийн сонирхсон номоо цуглуул. Олон номтой номын сантай болно гэдэг нэг ёсны бахархал шүү . Ном авах гэсэн чиний хүслийг аав ээж чинь үргэлж дэмжинэ. Яагаад гэвэл эрээн цаастай идээд өнгөрөх чихэр авах гэсэн биш өөрийгөө хөгжүүлье,юм суръя гэсэн таны бадруун хүслийг ойлгоно шүү.
АМЖИЛТ ХҮСЬЕ
